Хувь тэнцүүлэх /пропорциональ/ тогтолцоо гэж нэг тойрогт өрсөлдсөн
нам, бүлэг, нэр дэвшигчдийн хооронд авсан саналын хувь хэмжээгээр нь гишүүний мандатыг
буюу манайхны хэлдэгээр суудал хуваарилах аргыг хэлдэг байна. Товчилбол тэдний авсан
саналаар суудал хуваарилах гэсэн үг. Энэ нь намуудад, улс төрийн амьдрал дахь өөр
өөрийн нөлөө, сонгогчдын дунд олсон нэр хүндээрээ сонгуульт байгууллагад төлөөлөх
арай илүү боломжийг олгодог.
Парламентын гишүүний мандат
буюу суудлыг намуудад тэдгээрийн авсан саналын хувь хэмжээгээр хуваарилах тогтолцоо
юм.
Гэхдээ энэ тогтолцоо нь нэр дэвшигч ба нам гэсэн нээлттэй жагсаалттай хувилбар байдаг үүнийг манайх
УИХСТ-ийн пропорциональ тогтолцооны хувилбартаа сонгоогүй бөгөөд зөвхөн хаалттай буюу намд санал өгөх нам авсан саналынхаа
хувиар нам өөрөө сонгогдох гишүүдээ эрэмбэлэн суудал хувиарлах гэсэн энэ
хувилбар нь манай улс шинэ УИХСТХ-ийн 28
гишүүнийг сонгох аргадаа тодорхойлон заасан юм.
Сонгуулийн ямар
тогтолцоог сонгох вэ гэдэг нь аливаа ардчилсан улс орны улс төрийн институцийн
хувьд хамгийн чухал шийдвэрийн нэг байдаг.
Манай улс 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр баталсан УИХС-ийн тухай
хуулиар 2012 оны сонгуулийг сонгуулийн холимог /хосолсон/ тогтолцооны
хувилбарыг сонгосон гээд байгаа. Сонгуулийн
мажоритар болон пропорциональ тогтолцооны давуу талыг ашиглах, сул талыг
орхиход чиглэж аль алиныг нь хосолсон тогтолцоог зарим улс оронд хэрэглэдэг.
Сонгуулийн хоёр тогтолцооны аль нэг тогтолцоогоор
сонгууль явуулахад нийгмийн бүх гишүүдийн эрх ашиг, хүсэл эрмэлзлийг
бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй учраас тэр юм.
Шинээр батлагдсан УИХСТХ баталсан
цагаасаа эхлэн маргаан дагуулж ирсэн бөгөөд Хууль тогтоогчоос Сонгуулийн тухай
хуулийг батлахдаа ямар тогтолцоог сонгох нь түүний бүрэн эрхийн асуудал боловч
сонгуулийн олонхийн (мажоритар) болон хувь тэнцүүлэх (пропорциональ)
тогтолцооны аль нэгийг нь үү, эсхүл аль алиных нь шинжийг агуулсан холимог
тогтолцоог сонгосон уу гэдгээс үл хамааран үндсэн хуулийн дээрх сонгуулийн
суурь зарчим, үзэл санаанууд зөрчигдөх ёсгүй гэж нэр бүхий иргэд үзэн Үндсэн хуулийн цэцэд хандаж УИХСТХ-ийн зарим
зүйл, заалтыг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгох шийдвэрийг гаргасан билээ.
Тэгвэл өөр бас маргаан дагуулж зарим иргэдийн үзэж буйгаар сонгуулийн
пропорциональ тогтолцоог сонгох нь өөрөө Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж
үзэх хэсэг байна. Учир нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын
Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ,
чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн
хугацаагаар сонгоно" хэмээн зааж Монгол Улсад "шууд сонгох"
эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн байна.
Гэтэл пропорциональ тогтолцоогоор намд санал өгөн сонгогдох 28 гишүүнийг шууд
сонгох зарчмыг алдагдуулахад хүргэж байна гэж үзэх хэсэг байна.
Түүнлчэн Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг сонгоно гэснээс намыг сонгоно гэж заагаагүй гэх мэтээр
тайлбарлаж байна.
Гэтэл үүнийг онол, арга зүйн
хувьд үгүйсгэж Б.Чимид багш Сонгуулийн
тогтолцоонд ард түмэн түүний Үндсэн хууль буруутай юу? Уб., 2011 /39, 48-51
дэх талд/ номондоо энэ талаар тодорхой
дурдсаныг нэгийг бодож 2-ыг тунгаах
хуульчдын билэг оюунд хүргэх үүднээс шууд ТА
БҮХЭНД ХҮРГЭЕ.
Магадгүй багшийн энэхүү бүтээлийг
уншиж судалсан нь нэлээд байгаа байх нөгөөтэйгүүр амжаагүй нэгэн ч байгаа болов
уу иймийн тул уг номны сэдэвт хамаарах хэсгийг түүвэрлэн орууллаа. Чухам аль нь
үндэстэй болохыг Та бүхэн өөрсдөө дүгнээрэй.
Чимид Б. Сонгуулийн тогтолцоонд ард, түмэн түүний Үндсэн
хууль буруутай юу?! Уб., 2011 /39, 48-51 дэх талаас/
“Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлд “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн
эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа
нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан байна. Энэ
бол сонгуулийн тогтолцооны тухай биш харин түүний үндэс болсон сонгуулийн эрх
зүйн үндсэн зарчмыг тодорхойлсон заалт юм. Гэтэл үүнийг сонгуулийн тогтолцоо
гэх олон эрэмбийн ойлголтын нэг хувилбар болох сонгогчдын саналыг дүгнэж,
гишүүний (мандат) суудал хуваарилах арга болсон “можаритар”, “пропорциональ” тогтолцоотой хутган ойлгоод Үндсэн
хуулийн дээрх заалтыг өөрчлөх, барих тухай өгүүлцгээх болов.
Шуудхан хэлэхэд ардчилсан сонгуулийн эрх зүйн тогтолцооны үндсэн
зарчим нь улс
орнуудын үндэсний болон олон улсын эрх зүйд тодорхойлсон бүх нийтийн, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах зарчим
гэдэг
маргаангүй. Өөр үүсмэл зарчмуудтай хутгахгүйн тулд олон орон судалсан эрдэмтэд
“Бүх нийтийн, тэгш, шууд
бөгөөд саналаа нууцаар гаргах зарчмууд бол гадаад орнуудын сонгуулийн эрх зүйн нэн
чухал зарчим мөн”-ийг олон талаар нотлон тайлбарласан байна[1]. Иймэрхүү
тодорхойлолт
олон бий.
Энэхүү суурь болсон их ухагдахууны үүднээс үзвэл манай Үндсэн хуульд
тодорхойлсон үндэслэлүүд чинь сонгуулийн тогтолцоо, сонгуулийн эрхийн үндсэн
зарчим юм. Энэ бол улс төр, хууль зүйд, эрдэмтдийн бүтээлд аль хэдий нь
томьёолж, Монголд бол аль 20 дугаар зууны дундуур нэвтэрч хэвшсэн ойлголт
болно. “Социализмын үеийн юм яриад уналаа” гэж мушгих байх л даа. Нийгмийн
үзэгдэлд физиологийн хөгжил, өөрчлөлтийн ялгаа байх боловч анатоми (араг яс) нь үндсэндээ залгамжлагдсан байдаг шүү дээ. Энэ нь сонгуулийнхад ч
хамаатай.
Харин манай зарчим сонирхогч энэ өргөн ойлголтыг түүнээс үүссэн
нэг дэд тогтолцоо /аргын
тогтолцоо/ буюу
сонгуулийн санал тооцож суудал хуваарилах арга
болох олонхийн болон хувь тэнцүүлэн тооцох аргатай
андуурч, сольж хольж яриад байх юм. Уг ялгааг академич С.Нарангэрэл зэрэг эрдэмтэд бүтээлдээ ойлгогдохоор
бичсэн ч бий[2].
Ер нь Монгол
Улс энэ
2 аргын нэг болох олонхийн тогтолцоог
хэрэглэсээр ирсэн нь Үндсэн хуульд харшлаагүй л байгаа шүүдээ. Харин түүний “сул талыг” арилгах нэрээр нөгөө нэг арга болох хувь тэнцүүлэх тогтолцоог хэрэглэх гэхээр Үндсэн хууль
“саад
болоод” гэдэг нь “дургүйд хүчгүй” гэдэг шиг зөвхөн шалтаг биш үү. Үнэндээ бол тийм биш
л дээ. Хамгийн үндсэн тогтолцоо, түгээмэл зарчмын хүрээнд дээрх 2 арга буюу дэд тогтолцоооны алиныг нь ч зохистойгоор хэрэглэж болно. Харин олонхийн болон хувь тэнцүүлсэн
тогтолцооны аль нэгнийг /тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад/
дагнаж буюу эсвэл хольж хэрэглэхээр Үндсэн хуульд бичиж оруулбал
Үндсэн зарчмаа үгүйсгэж ОУ-ын эрх зүйтэй зөрчилдөхөөс
гадна тэр аргаа өөрчлөх, солих тоолонд Үндсэн
хуулиа хөндөхөд хүргэнэ. Иймд сонгуулийн эрхийн үндсэн зарчмаа гол хуульдаа үлдээгээд дагалдах
зарчмаа сонгуулийн хуульдаа нарийвчлан тусгаж өгөөд “ноолж” байх нь биш үү.
Дээр өгүүлсэн баримтуудаас дараахь дүгнэлт хийхэд бодит байдлаас зөрөхгүй
болов уу!
·
Сонгуулийн эрх зүйн
тогтолцооны зарчмыг тодорхойлсон Монгол
Улсын Үндсэн хуулийн заалтыг буруутгах үндэс, нөхцөл, үйл баримт байхгүй байна байна;
·
Сонгуулийн эрх зүйн
тогтолцооны дээр нэрлэсэн зарчмууд нь сонгуулийн санал тооцох, суудал
хуваарилах аргын 2 зарчмыг дангаар нь болон хослон /холимогоор/ хэрэглэхэд саад
болохгүй. Харин суурь нь болж өгнө. Ийм ч учраас бид төсөлдөө “хүнээ шууд сонгох”-ыг хамгийн зөвд үзэн хувь тэнцүүлэн сонгох аргын шилдэг нь болох
“үлэмж таатай нөхцлийн зарчим” гэдэг
“нам-хүн хоёрыг нэгэн зэрэг дугуйлах”
хувилбараар тодорхойлсон. Тэр ёсоор сонгогч нь саналын хуудас аваад УИХ-ын
гишүүнд нэр дэвшүүлсэн аль намыг дэмжиж
байгаагаа тэмдэглэхийн (дугуйлахын) хамт тэр намын нэр
дэвшигчдийн жагсаалтын дороос хэнийг дэмжихээ шилэн сонгож түүний нэрийн өмнөх дэс
дугаарын тоог дугуйлах юм. Өөрөөр хэлбэл “нэг нам-нэг нэр дэвшигч” гэсэн арга зарчмыг эш үндэс болгосон нь
булхайцах боломж бага бөгөөд илүү тэгш, шударга болно гэж тооцсон....” (Лу.Болд гишүүн Б.Чимид багш нарын боловсруулсан УИХСТ хуулийн төсөл ийм
агуулагатай. Хуулийн төсөл нь уг номонд нийтлэгдсэн тэндээс үзнэ үү).