2012.3.29
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт ба Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын
хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хуулийн 4 дүгээр
зүйлийн 4.9, 49 дүгээр зүйлийн 49.1.5, 49.1.5.а, 49.1.5.б, 49.1.5.в, мөн
зүйлийн 49.1.6 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн зарим зарим зүйл,
заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг хянан хэлэлцэв.
Улсын Их Хурлын сонгуулийн 26 тойрогт
48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч
тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч Улсын Их Хурлын
гишүүнээр сонгогдох боломжийг бий болгон хуульчилсан Монгол Улсын Их Хурлын
сонгуулийн тухай хуулийн дээрх зүйл, заалтын холбогдох хэсэг нь Үндсэн хуулийн
Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш
байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны
үндсэн зарчим мөн.”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн
бүх эрх ард түмний мэдэлд байна.
Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт
шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн
байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх
хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх
тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “…Төрийн байгууллагад
сонгох, сонгогдох эрхтэй…”, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их
Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй,
шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж…сонгоно.” гэснийг тус тус
зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргалаа./2012.3.28/
Уг
шийдвэрээс гарах эр зүйн үр дагавар
Юуны өмнө Цэц
ямар асуудлыг ямар бүрэлдэхүүнтэйгээр хэрхэн шийдвэрлэж ямар шийдвэр гаргасан
бэ гэдгийг хууль зүйн хувьд тайлбарлая.
Үндсэн хуулийн
цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн
13.1-д зааснаар Цэц
Үндсэн хуулийг УИХ-аас баталсан хууль зөрчсөн эсэх маргааныг хянаж Дунд суулын буюу
5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж Мөн хуулийн 31 дүгээр зүйл, 31.1-д
зааснаар УИХСТ хуулийн
зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж “Дүгнэлт” гаргасан.
Гэвч өнөөгийн эрх
зүйн зохицуулалтаар Цэцийн энэхүү дүгнэлт хараахан хамгийн сүүлийн хүчин
төгөлдөр шийдвэр биш юм. Гэхдээ энэ нь маргаантай бөгөөд Үндсэн хуулийн үүднээс өөрөөр тайлбарлаж болох юм. Гэвч яг хуулийн зохицуулалтаа бариад харвал Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн
зөвшөөрөх эсэхээ хэлэлцэж тогтоол гаргах хуулийн зохицуулалттай.
Практик
судалгаанаас харахад УИХ-аас өөрийн гаргасан алдааг хүлээн зөвшөөрөхгүй байх нь
илбэг байдаг. Зөвхөн Улсын Их Хурал 1992 оны
эцсээс 2010 оны 10 сар хүртэлх хугацаанд жилд 1-ээс 9 удаа бүгд 69 удаа Үндсэн
хууль зөрчсөн хууль, тогтоол гаргасныг Үндсэн хуулийн цэц тогтоосон байна.
Эдгээрээс дийлэнх нь УИХ-тай холбоотой байна. Цэцийн дүгнэлтийн тухай УИХ-аас
гаргасан 37 удаагийн тогтоолд “дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн
хариу өгсөн байна.
Ийм хариу өгсөн
бараг бүх тохиолдолд Цэцийн их суудлын хуралдаанаар өмнөх дүгнэлтийг хэвээр
үлдээсэн тогтоол гарч байжээ. Тоо баримтаас
харахад Цэцийн дүгнэлтийн талаас илүү хувь нь “Үндсэн хууль зөрчсөн” тухай байх
бөгөөд УИХ тэдгээрийн талаас илүү хувийг эс зөвшөөрч, хариуд нь Цэц их суудлын
хуралдаанаараа өмнөх дүгнэлтээ хэвээр үлдээсэн байгаа нь санамсаргүй хэрэг биш
болов уу.
Хуулийн
процедурын хувьд: ҮХЦМХШАТ хуулийн 36.2-д зааснаар “Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал
хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор; хэрэв Улсын Их Хурлын чуулганы чөлөөт
цагт гаргасан бөгөөд тэр нь онц болон, дайны байдал зарласнаас бусад
асуудлаар гарсан бол Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн
өдрөөс хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай
хуулийн 32
дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.”
Хэрэв УИХ-аас 15
хоногийн дотор шийдвэрлэж хүлээн зөвшөөрөх эсэхээ хариу ирүүлээгүй нөхцөлд
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болох боломжтой.
Яг энэ хугацааны хувьд ҮХЦ-ийн
шийдвэрийн талаар УИХ хугацаанд шийдвэрлэхгүй байх тохиолдол түгээмэл байх ба 1994 оны 1 дүгээр сард явуулсан Цэцийн дүгнэлтэд 18 жил хариу өгөөгүй тохиолдол хүртэл байдаг ажээ.
ҮХЦМХШАТ хуулийн
32.4-д зааснаар Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт
гарснаар тухайн хууль түүний холбогдох
зүйл, заалтын үйлчилгээ нь Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл түдгэлзэнэ.
Түдгэлзүүлж эхлэх хугацааг Цэц дүгнэлтдээ тусгайлан заана гэжээ. Тэгэхээр
Цэцийн дүгнэлт гарсанаар Монгол
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээрх зүйл, заалтын холбогдох хэсгийн
үйлчлэлийг 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр болсон
байна. Өөрөөр хэлбэл УИХ хэзээ хэлэлцэж, хэзээ хариу ирүүлэхээс үл хамааран
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа биелэгдэх зарчмын дагуу уг хуулийн
холбогдох зүйл, заалтын үйлчлэл түдгэлзэж хэрэгжих боломжгүй болох юм. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн 64.2-ийн дагуу Үндсэн хуулийн цэц гагцхүү Үндсэн хуульд захирагдах гэсний дагуу Үндсэн хуулийн цэцийн практикт Цэц өөрөө эцэслэн шийдвэрлэдэг практик байна.
Ийнхүү УИХ
хэлэлцээд Цэцийн
дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний
үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин
хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь
нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол
Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана.
Харин нэгэнт тогтоол гарвал: ҮХЦМХШАТхуулийн
31.2-д зааснаар мөн хуулийн 13 дугаар зүйлийн нэг дэх хэсэг буюу хууль,
УИХ-ын бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг дахин хянан шийдвэрлэж “тогтоол” гаргана. Хэрэв
нэгэнт Цэц их суудлын хуралдаанаар /9 гишүүний бүрэлдэхүүнтэй/ маргааныг дахин
хянан хэлэлцэж УИХ-ын цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй нь үндэслэлгүй гэж
үзэж тогтоол гаргавал ҮХЦ тухай хуулийн 8.4-д
зааснаар зохих хууль,
бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно.”
Гэхдээ УИХ өмнөх
практик харахад дийлэнхдээ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй
тогтоол гаргасан байдаг ч энэ удаад заавал тэгнэ гэж тааж болохгүй нь
мэдээжийн хэрэг юм.
УИХ-аас нэгэнт
алдаагаа ухамсарлан Үндсэн хууль зөрчсөн хууль баталсанаа хүлээн зөвшөөрөх юм
бол Цэцийн дүгнэлт ямар ч асуудалгүй шууд хүчин төгөлдөр болох юм. Гэхдээ энэ
нь нэгэнт Цэцийн дүгнэлт гарсаар байхад түүнийг УИХ хүлээн зөвөөрөх эсэх
асуудлыг шийдвэрлэдэг нь өөрөө онолын хувьд буруу болохыг манай зарим судлаачид
хэлдэг билээ.
Гэвч энд
нэг маргаан үүсгэж болох зүйл гарч ирж байгаа нь:
УИХСТ хуулийн
холбогдох зүйл, заалттай холбоотой маргааныг Үндсэн хуулийн цэц сонгуулийн жилд
буюу сонгууль болохоос 6 сарын дотор шийдвэрлэсэнтэй холбоотой асуудал гарч
байна.
Энэ нь Монгол
Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 60.1-д заасан “Улсын Их Хурлын ээлжит
сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн
тухай хууль батлах буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” Гэсэн
заалтаас урган гарч ирж байна. Ер нь бол энэ нь дэлхийн улс орнуудын сонгуулийн
хуульд зайлшгүй туссан байдаг заалт юм.
Тэгэхээр ҮХЦ-ээс
УИХСТхуулийн зарим зүйл, заалтыг хүчингүйд тооцлоо одоо яах вэ гэсэн асуудал
гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл парламент алдаа засч болох уу энэ нь УИХСТхуулийн
60.1-тэйгээ зөрчилдөх үү гэдэг асуудал.
Гэвч үүнд дараах
тайлбарыг хийж болно. УИХ бол хууль батлах түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах нь
түүний бүрэн эрхийн асуудал боловч энэ зөвхөн хууль тогтоогчийн өөрийн хүсэл
зоригийн илэрхийлэлд хамаарах заалт юм. Өөрөөр хэлбэл УИХ өөрийн хүсэл зоригоос
гадуур гэхдээ энэ шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага тэр тусмаа Үндсэн
хуулийн шүүх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж
үзсэн бол түүнийг биелүүлэх нь УИХСТХ-ийн 60.1-д заасантай хамааралгүй юм. Энэ
нөгөө эрх мэдэл хувиарлах зарчимтай бас нягт холбогдоно.
Нөгөөтэйгүүр
нэгэнт Үндсэн хууль зөрчсөнийг тогтоосон тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн
дүгнэлтийн дагуу УИХ алдаагаа засах нь мөн УИХСТхуулийн 60.1-д хамаарахгүй
болохоор байна.
Харин УИХСТхуулийн
60.1 бол парламент өөрийн дур зоргоор Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын
өмнөх зургаан сарын дотор сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж болохгүй гэсэн үг
юм. Өөрөөр хэлбэл хууль тогтоогчийн өөрийн хүсэл зоригт буюу өөрт нь шууд
хамааралтай болох нь харагдаж байна.
Практикаас харахад ҮХЦ-ийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болох магадлалтай юм байна. Энэ удаагийн сонгуулийн хуулийн амин сүнс нь үгүйсгэгдэж байх шиг. Тэгэхээр энэ удаагийн сонгууль холимог уу? Эсвэл ...
ReplyDeleteЯмар ч байсан ҮХЦ-ийн энэ шийдвэрээр сонгуулийн бантан тогтолцоо гэж хэлж болохуйц болоод байсныг бага ч болов заслаа гэж бодож байна. Яагаад гэвэл мажоритар бол олонхийн тогтолцоо энд хувь тогтоодог жишиг байхгүй. Олонх бол олонх харамсалтай манайх 20 хувиас эхлээд тогтоож ирсэн. 2 дугаарт мажоритар тогтолцооноос үнэлэгдсэн нэр дэвшигчийг профорционалаар давхар үнэлэх асуудал байж болохгүй. Ийм зүйл байж болохгүй бөгөөд энэ нь нөгөөтэйгүүр үндсэн хуулийн сонгуулийн эрхийн талаарх суурь зарчим, үзэл санаанууд зөрчигдөх ёсгүй юм. Гэхдээ сонгууль хосолсон гэнүү холимог парлель гэнүү ямар ч шинэ хуулиараа сонгууль явагдах боломжтой. Өөр ингээд яриад байвал олон л зүйл ярих байх. Миний блог бичлэгт анхы сэтгэгдэл үлдээсэн танд баярллаа.
ReplyDelete