ХЗҮХ-ийн ЭША А.Түвшинтулга, Г.Оюунболд
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 оны 1 дүгээр сард хийсэн мэдэгдэлтэй[1]
холбогдуулаад цаазаар авах ялыг халах уу үгүй юу гэдэгт эрүүгийн эрх
зүйн салбарын болон хүний эрхийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг
эрдэмтэн судлаачид өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байна. Энэхүү
мэдэглийг хийснээс хойш Монгол Улсын хил дээр гарсан дуулиант хэрэгт 3
хүн цаазаар авах ялаар шийтгүүлээд байна. Эдгээр хүмүүсийг Ерөнхийлөгч
уучлах болов уу, яах бол?
Энэхүү өгүүллээрээ бид цаазаар авах ялыг
халах эсвэл хэвээр байлгах талаар 2 өөр байр суурийн үндэслэлийг
тайлбарлахыг оролдлоо. Урьд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл болон
судлаачдын нийтлэлийг дахин дурдахаас зайлсхийсэн болно.
Ялын онцгой хэлбэр цаазаар авах ял нь хүн
төрөлхтөний түүхэнд байсаар ирсэн төдийгүй Монгол Улсын түүхэнд тодорхой
байр суурь эзэлж, эрүүгийн хариуцлагын уламжлалт шинж чанарыг
тодотгосоор иржээ. Түүхэн баримтыг судлаж үзэхэд Монгол Улс нь төрт улс
болсон үеэс цаазаар авах ялыг хэрэглэж ирсэн бөгөөд “амийг нь авах”,
“огтчин алах” гэж нэрлэж ирсэнийг тэмдэглэвэл зохино. “Амийг нь авах”
гэсэн нэр нь хүнд аюултай гэмт хэрэг үйлдсэн хүний амь насыг төр хүчээр
авна гэсэн арай зөөлрүүлсэн утгыг илэрхийлж байгаагаараа өмнөх
томъёоллоос ялгаатай аж.
“Цаазаар авах ял”-ыг “цаазлах” гэсэн нэр
томъёогоор илэрхийлж иржээ. Цаазлах гэсэн үг нь өөрөө хоёрдмол
утгатайгаас болж хольж хутган ойлгох, дүгнэх явдал гарч байсан байж
магадгүй аж. Энэ үгийн нэг утга нь хүнд гэмт хэрэг үйлдсэн хүний амийг
авах, нөгөө утга нь гэмт үйлдэл хийхийг хориглох утга санааг
илэрхийлдэг байна.[2]
Монгол Улсын төр хууль цаазын
түүхэн уламжлалаас харахад цаазаар авах ял нь хэрэг заалхайг газар дээр
нь түргэн шуурхай шийдвэрлэх сэтгэхүй, цааз бичигтэй холбоотой байсан
бөгөөд энэ нь монголчуудын эрт дээр үеэс уламжлагдан ирсэн “амийг амиар”
гэсэн менталитеттэй[3] шууд
холбоотой байжээ. Түүнээс хойш манжийн дарлалын үе болон үндэсний эрх
чөлөөний хөдөлгөөний үеүүдэд ч дээрх уламжлал байсаар ирсэн бөгөөд 9
эрүү шүүлтийг тулгасны дараагаар цаазалдаг байв. Тэр ч байтугай энэхүү 9
эрүү шүүлтийн хэлбэр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны нэг хэлбэр
төдийгүй алах ялын нэг хэлбэр ч хэмээн ойлгогдож байсан.
Шүүхээс цаазаар авах ял оногдуулах явдлын
өсөлт, бууралтад дагаж мөрдөж буй эрүүгийн хууль, тус улсад үйлдэгдэж
буй гэмт явдлын шинж буюу онц хүнд гэмт явдлын гаралт, улс орны нийгэм,
эдийн засагт гарсан эрс өөрчлөлт, тухайн цаг үеийн ялын бодлого,
хүмүүсийн амьдралын түвшин, нийгмийн сэтгэл зүйн байдал гэх зэрэг хүчин
зүйл шууд нөлөөлдөг болох нь тодорхой байна. Тухайн цаг үеийн эрүүгийн
ялын бодлого цаазаар авах ялд хэрхэн нөлөөлдөгийг ганцхан жишээгээр
харуулахад 1984 онд МАХН-ын Төв Хорооноос хуулийн байгууллагуудад хууль
ёс ноцтой зөрчигдөж байгаа талаар авах зарим арга хэмжээний талаар
тогтоол гаргаж, улмаар ялын бодлогыг чангатгах чиглэлийг хуулийн
байгууллагын удирдлагад өгч байжээ. Үүнээс шууд шалтгаалан 1985 онд
цаазаар авах ял шийтгүүлэгсдийн тоо 1965 онтой харьцуулахад 285,7
хувиар, өмнөх онтой харьцуулахад 58,8 хувиар гэнэт огцом өсөх хандлага
ажиглагдаж байв.
1990-ээд оны үед Монгол Улс нийгмийн эрс
өөр тогтолцоонд шилжилт хийсэн онцлог нөхцөл байдлын үед 1991-1995 онд
шүүхээс цаазаар авах ялаар шийтгүүлэгсдийн тоо үлэмжхэн өссөн статистик
анхаарлыг зүй ёсоор татсаар байна.
Цаазаар авах ялыг халах талаар гарч байсан оролдлогууд: БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1953 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн “Алах
ялыг өөрчлөх тухай” 93 дугаар зарлигт “БНМАУ-ын Ардын Их Хурлын
Тэргүүлэгчдээс энх тайван цаг үед алах ялыг хойшид хэрэглэхийн хэрэггүй
гэж үзнэ” гэж заажээ. Эл зарлигаар БНМАУ-д дагаж шийтгүүлж байгаа
хуулиудаар тогтоосон алах ялыг хэрэглэхгүй болгож, зөвхөн эх орноос
урвагчид, тагнуулчид, хорлон сүйтгэгч нарт хэрэглэж байхаар тогтоосон
билээ. Цаазаар авах ялыг хүчингүй болгосон энэ заалт дөнгөж 10 орчим сар
хэрэгжиж, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1954 оны 67 дугаар
зарлигаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алсан гэмт
хэрэгт буудан алах ял хэрэглэж байхаар тогтоожээ. Үүний цаад учир
шалтгаан нь тухайн үед нэг дор олон хүний амь насыг хөнөөсөн дуулиант
хэрэг гарч, ард иргэдийн дургүйцлийг дарах үүднээс хэрэглэхээ больжээ.
1998 онд УИХ-ын гишүүн
Д.Хувьтөгөлдөр бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Эрүүгийн хуульд байгаа
цаазаар авах ялыг халах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж,
УИХ-д өргөн барьсан боловч хууль сахиулах байгууллагууд болон хууль
тогтоогчид дэмжээгүй тул төслөө парламентаар хэлэлцүүлэлгүй буцаан авч
байжээ.[4]
Монгол Улс дахь дахь цаазаар авах ялын байдал:
Монгол Улсын Их Хурал 2002 онд шинэ
Эрүүгийн хууль баталж, мөн оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж
мөрдүүлж байна. Тус Эрүүгийн хуулиар дараах төрлийн гэмт хэрэгт цаазаар
авах ял хэрэглэхээр тогтоосон байна: төр, нийгмийн зүтгэлтний амь биед
халдах (81.2 дугаар зүйл); хорлон сүйтгэх (84 дүгээр зүйл); хүндрүүлэх
нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах (91.2 дугаар зүйл); онц
хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчиндэх (126.3 дугаар зүйл); зандачлах
(177.2 дугаар зүйл); төрлөөр устгах (302 дугаар зүйл) зэрэг хэрэгт
цаазаар авах ял оногдуулж байсан бол Эрүүгийн хуульд (1781 дүгээр зүйл)
Терроризм гэсэн зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар
нэмсэнээр нийтдээ 7 зүйлд цаазаар авах ял оногдуулахаар заасан. Хууль
тогтоогчид 2002 оны Эрүүгийн хуулийн ялын бодлогыг маш хатуу чанга
болгосноор шүүхээс цаазаар авах ял хэрэглэх байдал өмнөх үетэй
харьцуулахад үлэмж нэмэгдэж 2003-2005 онд өмнөх онтой
харьцуулахад энэхүү ялаар шийтгүүлэгсдийн тоо 20 гаруй хувиар тогтвортой
өсөх хандлага ажиглагдаж байна. Сүүлийн 40 жилд цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийдвэрт хийсэн судалгаа[5] (1965-2005)-наас үзэхэд 806 хүнд цаазаар авах ял оногдуулсан байна.
2000 онд шүүх 13 хүнд цаазаар авах ял
оногдуулснаас Улсын Дээд шүүхийн давж заалдах шатны тэдгээр шийтгэх
тогтоолуудаас 3-ыг өөрчилж, 2-ыг хүчингүй болгож байжээ.[6]
Энэ бол ихээхэн ноцтой баримт юм. Өөрөөр хэлбэл, нэг жилд шүүхээс
цаазаар авах ял оногдуулсан тогтоолын 30 шахам хувь нь зөвхөн давж
заалдах шатны шүүхээр өөрчлөгдснөөс 10 шахам хувь нь хүчингүй болсон
буюу өөрөөр, хэлбэл цаазаар авах ялыг шүүх гэм буруугүй хүнд ногдуулж
байсан гэсэн хэрэг юм.[7]
Цаазаар авах ялын талаархи уучлалт: “Цаазаар
авах ял шийтгүүлсэн хүн бүр ял хэлтрүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Бүх
тохиолдолд ял хэлтрүүлж, өршөөл уучлал үзүүлж, цаазаар авах ялыг өөрчилж
болно.” гэж Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн
тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 4-т заасан билээ.
Монгол Улсын Үндсэн Хуулийн 33 дугаар
зүйлийн 1.8-д зааснаар ялтанд уучлал үзүүлэх нь Монгол Улсын
Ерөнхийлөгчийн бүрэн эрх болохыг хуульчилсан бөгөөд уучлал үзүүлсэн
тохиолдолд Ерөнхийлөгч зарлиг гаргана. Монгол Улсын Эрүүгийн хуулийн
53.3-т “Цаазаар авах ял шийтгүүлсэн этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчид
хандаж уучлал хүсэх эрхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ял
шийтгүүлсэн этгээдийн амийг уучилсан тохиолдолд 30 жилийн хугацаагаар
гянданд хорих ялаар солино” гэж заажээ.
Үүний дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазар
авах ял шийтгүүлсэн этгээд нэг бүрийн амь насыг өөрийн бүрэн эрхийн
хүрээнд уучилна хэмээн мэдэгдсэн. Харин үүнийг Эрүүгийн хууль болон
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, бусад хууль тогтоомжид нэмэлт,
өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал юм.
Харин энэ талаар Ерөнхийлөгч хууль санаачилж болно.
Цаазаар авах ял шийтгүүлсэн ялтанд уучлал
үзүүлэх явдлыг “Ялтанд уучлал үзүүлэхийг хүссэн өргөдлийг хянан
шийдвэрлэх журам”-аар зохицуулж байгаа бөгөөд эл журмыг Ерөнхийлөгчийн
2002 оны 156 дугаар зарлигаар баталсан.[8] Зарим судлаачид “Ерөнхийлөгчийн
уучлал нь цаазаар авах ялыг 30 жил гянданд хорих ялаар сольж байгаа
мэт боловч нөгөө талаас шүүх эрх мэдлийн байгууллагын ажилд оролцож
байна, нэгэнт шүүхийн эцсийн шийдвэр гарсан нөхцөлд хэн ч өөрчлөх
эрхгүй”[9] гэж дүгнэжээ.
Цаазаар авах ялын талаарх дэлхий дахины нийтлэг чиг хандлага
Дараахи олон улсын гэрээгээр цаазаар авах ял ногдуулахыг хориглосон буюу хязгаарласан байна:
• Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт;
• Америкийн хүний эрхийн конвенцийн цаазаар авах ялыг халах тухай протокол;
• Европын хүний эрхийн конвецийн 6 дугаар протокол;
• Европын хүний эрхийн конвенцийн 13 дугаар протокол.
Цаазаар авах ялын гүйцэтгэлийн байдал: Өнөөдөр
20,000 гаруй хүн цаазаар авах ялаар шийтгүүлэн хэзээ гүйцэтгэхийг
хүлээж байгаа нь Эмнести Интернэшнл байгууллагын судалгаагаар
тогтоогдоод байна. Зөвхөн 2005 онд гэхэд л дэлхийн 53 оронд нийт 5,186
иргэнд цаазаар авах ял ногдуулж, түүнээс 22 улс нь хамгийн наад зах нь
2,148 иргэнд цаазаар авах ялыг гүйцэтгэжээ. Үүний 94 хувийг Хятад, Иран,
Саудын Араб, АНУ эзэлж байна. Хятад зэрэг олон Засгийн газар цаазаар
авах ялын гүйцэтгэлийн талаарх албан ёсны статистик тоо баримтыг хэвлэн
нийтлэхээс татгалздаг. Вьетнам гэхэд л статистикийн тоо баримтаа
ангилан цаазаар авах ял нь “төрийн нууц” хэмээн зарласан байдаг гэх
мэтээр цаазаар авах ялын талаарх тоо баримтыг нууцлах нь их байдаг
болохоор дээрх тоо баримтыг ойролцоогоор гаргасан гэж үзэж болно.
Цаазаар авах ялыг хязгаарласан болон халсан байдал: Өнөөдрийн
байдлаар цаазаар авах ялыг бүхэлд нь халсан 95, жирийн гэмт хэргүүдэд
халсан 9, практикт халсан 35, буюу нийтдээ 139 орон цаазаар авах ялыг
хуульдаа болон практикт халчихаад байна.
Цаазар авах ялыг халж байгаа улс орнуудын
тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Сүүлийн 20 жилд олон улс гүрэн
цаазаар авах ялыг гүйцэтгэхээ хоёр дахин багасгажээ. Дэлхийн улс
орнуудын талаас илүү хувь нь цаазаар авах ялыг нэгэнт халсан байна.
Үүнийг тоон үзүүлэлтээр гаргавал 95 улсад бүх төрлийн гэмт хэрэгт
цаазаар авах ял оногдуулахыг цуцалсан байна. Мөн 11 улс дайны үеийн гэмт
хэргээс бусад тохиолдолд цаазаар авах ял оногдуулахыг цуцалжээ.
Түүнчлэн 25 улс цаазаар авах ялыг хуульдаа тусгасан ч хэрэглэхээ
зогсоож, сүүлийн 10 гаруй жилд цаазаар авах ялын гүйцэтгэл нэг ч удаа
хийгдээгүй байна. Үүнээс үзэхэд нийтдээ 139 улс цаазаар авах ял
ногдуулах болон гүйцэтгэхээ зогсоосон байна. Харин дэлхийн 58 улс орон
энэ ялыг хэрэглэж байна.
Цаазаар авах ялыг дахин хэрэглэсэн орнууд: Цаазаар
авах ялыг цуцалсан улс орнуудаас зарим нэг тохиолдолд дахин
хэрэглэсэн явдал гарсан байна. 1985 оноос хойш 50 гаруй улс цаазаар
авах ялыг халж, ердийн болон бүх төрлийн хэрэгт ийм ял оногдуулахаа
зогсоосон юм. Энэ хугацаанд ялын дээд хэмжээ оногдуулахыг хориглосон
улс орнуудаас зөвхөн 4 улс л дахин хэрэглэжээ. Гэвч Непал, Филиппин улс
дахин хэрэглэж байсан боловч Непал 1997 онд, Филиппин улс 2007 онд
халжээ. Нөгөө 2 улс болох Гамби, Шинэ Гвинейн Папуа нь одоогоор ямар ч
гүйцэтгэл хийгээгүй байна.
ДҮГНЭЛТ:
Цаазаар авах ялыг халах тухайд: (А.Түвшинтулга)
Цаазаар авах ял нөхөн сэргээх боломжгүй ял
шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр. Иймээс хэрэв хангаллтай
нотолгоогүйгэээр цаазар авах ял оногдуулсан бол энэ нөхөн сэргээх
боломжгүй хүний эрхийн хамгийн том зөрчил болдог.
• Ял шийтгэлийн бодлогын хувьд цаазаар авах
ял цээрлэл үзүүлэх, урьдчилан сэргийлэх нөлөөлөл хэрэгжиж байгаа гэсэн
ямар ч үндэслэл, нотолгоо байхгүй. Ял шийтгэлийн бодлого хатуу
байснаар хэргийн гаралт буурсан тухай тодорхой баримт байхгүй.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан 30 жилийн хугацаагаар
гянданд хорих ял цээрлэлийн хувьд харьцангүй илүү шийтгэл болдог.
• Олон улсын хүний эрхийн хэм хэмжээний
наад захын шаардлагад нийцүүлэн Монгол Улс нь цаазаар авах ялыг “зөвхөн
онц ноцтой хүнд гэмт хэргүүдэд (Иргэний болон улс төрийн эрхийн олон
улсын Пакт 6-2) оноох”-ыг шаардаж байна. “Онц ноцтой хүнд гэмт
хэрэг”-ийн цар хүрээ нь урьдчилан төлөвлөсөн аллага, санаатайгаар болон
урьдаас төлөвлөсөн хүн алахыг завдсан гэмт хэргүүдээр хязгаарлагддаг.
• Цаазаар авах ялаар шийтгүүлсэн байдлыг
төрийн нууцад хамааруулж, олон нийтээс нууцалж байгаа одоогийн нөхцөл
байдлыг өөрчлөх. Уг ялыг ямар байгууллага, хэрхэн яаж гүйцэтгэдэг,
цогцсыг хэрхэн оршуулдаг, нас барсныг иргэний бүртгэлд хэрхэн
тэмдэглэдэг, цаазаар авах ял оногдуулсаны дараа цогцсыг ар гэрийнхэнд нь
өгч болох эсэх заалт байхгүй байгаа нь тэднийг нэгэн адил залхаан
цээрүүлж байгаа үйлдэл юм.
• Шүүхийн алдаа хэрэв анхан болон давж
заалдах шатны шүүхийн шийдвэр хангалттай үндэслэл нотолгоогүйгээр гэм
буруугүйгээр оногдуулсан, эцэст нь тогтоолыг гүйцэтгэсэн бол эргэн
сэргээх боломжгүй хүний эрхийн ноцтой зөрчил болдог. Ийм жишээ ч манай
практикт гарч байсан.[10]
• Tаlio-esto буюу Талионы зарчим (хариу
авах) “амийг амиар”, хүний гарыг хугалсан бол мөн ижил хугал гэх мэт
энэхүү өнгөрсөн нийгмийн бурангуй зарчмыг өнөөгийн иргэншссэн нийгмийн
эрх зүйн тогтолцоонд төсөөтэй байдлаар хэрэглэх гэж оролдох нь зүйд үл
нийцэх юм.
Өнөөдөр дэлхийн улс орнуудын дийлэнх хувь
нь цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халсан энэ тоо ч өдөр ирэх
тусам өссөөр байгаа. 2007 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гаргасан
цаазаар авахыг төгсгөл болгох тухай тогтоолыг 104 орон дэмжиж, 54 улс
эсрэг санал өгч 29 орон түдгэлзсэн байна. 2008 оны 12 дугаар сарын 18-нд
НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь цаазаар авах ялыг хэрэглэх явдлыг
хойшлуулахыг уриалж, хоёр дахь шийдвэрээ гаргасан. Шийдвэрийн төсөлд 106
орон дэмжсэн санал өгч, 46 нь эсэргүүцэж, 34 нь түдгэлзсэн байна.[11]
Энэхүү шийдвэрийг дэмжих дэмжлэг нэмэгдсэн нь цаазаар авах ялыг халах
явдал дэлхий нийтийн хандлагыг харуулах цаашдын нотолгоо билээ.
Монгол Улсын төрийн тэргүүнээс практикт
халах анхны алхмыг хийсэн. Иймд цаашид Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан
хуулиас хасах алхамыг хийж эхлэх, адаглаад цаазаар авах ялтай зүйл,
хэсгийг багасгах хэрэгтэй.
Цаазаар авах ялыг хэвээр үлдээх тухайд: (Г.Оюунболд)
Аливаа улс үндэстний түүх хөгжиж ирсэн
нөхцөл байдал, газар зүйн орчин зэрэг нь өөр өөр байдаг нь түүнийг
бусдаас ялгаатай үзэл бодол зан үйлийн хэвшмэл шинжтэй болгодог байна.
Yүнийг нийтлэг байдлаар үндэстний менталитет[12] хэмээх ойлголтод багтаан үздэг. Нийгмийн аливаа өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэх эсэх нь энэхүү менталитетыг[13]
хэр зэрэг харгалзсанаас шалтгаална. Харамсалтай нь бид үүнийг монголын
нийгмийн түүхийн бараг зуун жилийн түүхэнд харгалзаж байгаагүй юм.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтнийг хатуу
гэсгээн цээрлүүлэх, амийг амиар солих монгол хүний уламжлалт сэтгэлгээг
харгалзан үзэж хэт яаран сэтгэлийн хөөрлөөр энэхүү ялыг халах тухай
шийдвэр гаргах нь зохимжгүй гэж судлаачийн зүгээс үзэж байна. Эрх зүйн
онолын болон практик туршлагаар олон зуун жилийн туршлагатай европын
өндөр хөгжилтэй орнуудын хувьд бол өөр хэрэг. Өнөөдөр энэ ялыг халсанаар
хувь хүний ухамсар сэтгэхүйд яаж нөлөөлөх, ямар сөрөг үр дагавар
үүсэхийг тооцоололгүйгээр шууд халах тухайд ярьж болохгүй, ерөөс цаазын
ял нь хүний тэр хорон гэмт зан үйлийг хязгаарлаж, цээрлүүлж байгаа арга
хэмжээ гэдгийг анхаарах хэрэгтэй14 гэдэг саналыг зарим эрдэмтэн
илэрхийлж байна.[14]
Хэдийгээр олон нийтийн хэрэгслээр ихэнхи
хууль судлаачид цаазаар авах ялыг халах талаар санал нэгтэй ярьж хэлж,
бичиж байгаа хэдий ч санал асуулга эсрэг дүнг үзүүлж байна. Цаазаар
авах ялд хийсэн тандалтын судалгаанаас[15]
үзэхэд “Монгол Улсад цаазаар авах ял байх шаардлагатай гэсэн асуулт
тавихад уг оролцогчдын 83 хувь нь тийм, 13 хувь нь үгүй гэжээ. Мөн
цаашид Монгол улсад уг ялыг халах шаардлагатай эсэх” гэсэн асуултад 22
хувь нь шууд халах, 24 хувь нь аажмаар, 50 хувь нь халах шаардлагагүй, 4
хувь нь хариулахад хүндрэлтэй хэмээн хариулжээ. Үүнээс үзэхэд цаазаар
авах ялыг халах тухайд хуулийн байгууллагын ажилчид, ард иргэд эсрэг
байр суурьтай байгаа нь илэрхий байна. Үүн дээр эрх баригчдаас гаргасан
шийдвэрт иргэд туйлширч ханддаг сэтгэлгээг мартаж болохгүй юм.[16]
Товчхон дүгнэж хэлэхэд цаазар авах ялыг
хэвээр үлдээх нь өнөөгийн нөхцөлд хамгийн тохирох шийдэл төдийгүй онц
ноцтой гэмт хэрэг үйлдэх арга нь улам боловсронгуй, харгис хэрцгий болж
байгаа энэ үед төр эрүүгийн хариуцлагын энэрэнгүй гэхээс илүүтэй
цээрлэлийн үр нөлөөг гэм буруутай этгээдэд ногдуулж байх нь зүйд
нийцнэ.
2010 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-ын
чуулганд мэдэгдэл хийхдээ өөрийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд
цаазаар авах ялын гүйцэтгэлийг зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдэл хийсэн.
[2]
Sc.D, профессор И.Дашням “Монгол оронд цаазаар авах ялыг хэрэглэж ирсэн
түүхэн уламжлал ба цаашдын чиг хандалагын зарим асуудал” эрдэм
шинжилгээний өгүүлэл “Эрдэм судлал” суэтгүүл ¹1, 45 дахь тал.
[3]
Монгол хүний менталитетыг нэлээд эртний үеэс улируулан философийн
үүднээс судалсан нь доктор Н.Хавх болно. Тэр менталитет гэдэг үгийг
“унаган төрх” гэсэн монгол нэр томъёогоор дүйлгэн нэлээд ултай
тодорхойлсон байна.
[4] “Хүний амьд явах эрх ба цаазаар авах ял” судалгааны тайлангаас. Монголын Эмнести Интенэшнл. УБ., 2006 он.
[5] Мөн тэнд
[6] Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдал. УБ., 2001 он, 76 дахь талд
[7] “Хүний амьд явах эрх ба цаазаар авах ял” судалгааны тайлангаас. Монголын Эмнести Интенэшнл. УБ., 2006 он.
[8] Энэ зарлиг төрийн нууцын зэрэгт хамаарч байна.
[9]
Д.Далайбаяр “Эрүүгийн эрх зүй дэх хорих ялын асуудал” эрдэм
шинжилгээний өгүүлэл. “Эрдэм судлал” сэтгүүл. УБ., 2002 он, 56 дахь тал
[10]
Завхан аймгийн шүүхээс бусдыг санаатай алсан хэрэгт н.Эрдэнэ-Очирыг 3
удаа цаазаар авах ял оногдуулсныг дээд шатны шүүх тухай бүрд нь хэргийн
бүрдэлт хангагдаагүй, шүүгдэгчийн гэм буруу нь тогтоогдоогүй гэсэн
үндэслэлээр цаазаар авах ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй
болгож байсан. Энэ хэргийг шийдвэрлэх хүртэл иргэн н.Эрдэнэ-Очир 7 жил
хоригдоод суллагджээ.
[11] Монголын Эмнести Интернэшнл байгууллагын судалгаанаас 2010 он
[12]
Судлаач Д.Ганхуяг. “Монгол судлал-Америк” сэтгүүлд … “Монгол хүний
менталитетын талаар хятадын эртний суравлжууд, гадаадын жуулчинд,
тухайлбал Марко Полон, Пално Карпини, Гильом Дэ Рубрук нарын аян замын
тэмдгэл, гадаадын эрдэмтэд тухайлбал, академич М.И.Майский нарын олон
эрдэмтийн зохиол бүтээлд тодорхой дурдсан байдаг. Эдгээр нь бүхэлдээ
дээрх дүгнэлттэй үндсэндээ давхцдаг болно” гэжээ.
[13]
Менталитет гэдэг нь бодит байлын субъектив дүр бөгөөд хүмүүсийн
ертөнцийг ойлгох, ертөнцийг мэдрэх явдлыг тодорхойлж байдаг харьцангуй
өнгөц, хувьсамтгай төсөөллийн цаад, тогтовортой өвөрмөц систем болно.
Үүний зэрэгцээ менталитыг ухамсар, өөрийн ухамсрын агуулга (мэдрэмж,
үзэл бодол, төсөөлөл), түүнчлэн сэтгэлгээний арга барил (бодит байдлыг
ойлгох, дүгнэх арга) гэж ч үздэг.
[14]
Академич С.Нарангэрэл 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 19.30 минутад”
Монгол” телевизийн “Эрүүгийн хуулийн шинэчлэлтийн талаар” ярилцлагад
орохдоо “Эрүүгийн бодлогын уламжлал, шинэчлэлийг аваад ү зсэн ч тэр
цазаар авах ялыг халах цаг арай болоогүй” гэсэн.
[15] “Хүний амьд явах эрх ба цаазаар авах ял” судалгааны тайлангаас. Монголын Эмнести Интенэшнл. УБ., 2006 он.
[16] Судлаач Д.Ганхуягийн судалгааны ажилд энэхүү сэтгэлгээний тухай баримттайгаар дурджээ.
Холбоотой мэдээлэл:
Холбоотой мэдээлэл:
No comments:
Post a Comment