Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Захиргаа, хүмүүнлэгийн эрх зүйн секторын
эрдэм шинжилгээний ажилтан А.Түвшинтулга
МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн “Монголын төр, эрх зүйн түүхийн судалгааны төв”-ийн
эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Батбаяр
Монголчууд бид хууль тогтоомжийг иргэдэд түргэн шуурхай хүргэж ирсэн
түүхэн уламжлалтай. “Монголын хууль гурав хоногт” гэдэг үг байдаг. Энэ
үг өнөөгийн бид бүхний ойлгоод байгаа шиг явцуу утгаар биш, харин
Монголын их эзэнт гүрний үед хууль цааз, мэдээ мэдээллийг түгээх хурдны
хэмжүүрийг илтгэсэн үг байсан бололтой. Өөрөөр хэлбэл, Монголын их
гүрний харьяанд байгаа улс орнуудад эзэн хааны зарлиг, цааз гурав
хоногийн дотор түгэн тарж байжээ гэж хэлж болно. Мэдээллийг асар хурдан
түгээх явдал нь Монголын эзэнт гүрний хүчтэй байх, цаашид он удаан жил
оршин тогтнохын баталгаа болж байв. Тэр үед мэдээллийг хурдан шуурхай
түгээж байсан гол зүйл нь өртөө, улааны алба байсан бөгөөд их хааны
гаргасан хууль, цааз бүхэн ард иргэдэд 3 хоногийн дотор "морин өртөө
дамжин" хүрдэг байсан нь тэр үедээ дэлхийн хүн төрөлхтнөөс хол давсан
амжилт байсан тухай судлаачид[2] тэмдэглэсэн байна.
Хууль тогтоомжийг хэрэглэх, сахин биелүүлэх, түүний биелэлтийг
хангах, олон нийтэд таниулан сурталчлах, мэдээллээр хангах гол арга бол
хэвлэн нийтлэх ажил юм.
Монголчууд тулгар төр байгуулаад олон зуун жилийг ардаа орхисон
бөгөөд эл хугацаанд хааны зарлиг, тушаал, хууль цааз, төрийн эрх бүхий
байгууллагаас баталсан хууль тогтоомжууд хэдэн мянгаар тоологдох
хэмжээнд хүрчээ. Гэсэн хэдий ч түүхийн ээдрээтэй зарим үед бусдын
эрхшээлд орж, бусдаас хараат байсан он жилүүдэд монголын эрх зүйн хөгжил
үе үе тасалданги шинжтэй болж байсан үеийн хууль цаазын эх сурвалж
харьцангуй цөөн уламжлагдан иржээ.
1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, тулгар
тогтсон улсаа бэхжүүлэхийн тулд харанхуй хоцрогдмол урьдын байдлыг халж,
ард түмнээ гэгээрүүлэх, соёлжуулах нийгмийн шаардлага зүй ёсоор урган
гарч байсан бөгөөд энэ үүднээс 1913 оны 3 сард “Шинэ толь” хэмээх
сэтгүүлийг анх үүтгэн санаачилж, үүндээ шинжлэх ухаан, гэгээрэл, түүх,
утга зохиол, улс төрийн шинжтэй нийтлэлүүдийг хэвлэн нийтэлж олон нийтэд
хүргэж байв. Анхны эл сэтгүүлээс хойш “Нийслэл хүрээний сонин бичиг”,
“Монголын үнэн”, “Ардын үндэсний эрх” зэрэг сонингууд гарч эхэлсэн
бөгөөд эдгээрт тухайн үеийн хууль дүрмүүдийг нийтэлж байснаас гадна мөн
хууль дүрмүүдийг тусгай дэвтэр[3] болгон товхиж, олон зуун хувь хэвлэн тархааж байсан нь тухайн үедээ л дэвшилтэт явдал байв.
Олноо өргөгдсөн Монгол улсын үеийн гол хууль болох Зарлигаар
тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичгийг Богд хааны зарлигийн дагуу
тусгай комисс эрхлэн 65 дэвтрээр зохион гаргаж, ингэхдээ улсын дээд,
доод хурлаар дэвтэр дэврээр нь хэлэлцэн баталж, хожим түүнийгээ нууц
байдалд хэвлэж эхэлсэн байдаг. Энэ талаар И.М.Майский монголын төрийн
хуулийг зөвхөн учир мэдэх тохоогдсон хүмүүс уншиж болох төрийн нууц гэж
үздэг. Манай экспедицийг Өргөөд байх хугацаанд зөвхөн эхний найман
дэвтэр нь хэвлэгдээд байсан, үлдсэн 56 дэвтрийг хэвлэж амжсан эсэхийг би
мэдэхгүй байна[4] гэжээ.
Үүнээс гадна Ардын Засгийн Шүүх яам “нугалбар бичиж” өөрөөр хэлбэл
нугалсан цаасанд гараар хуулан бичиж олон аймаг, хошуунд хүргүүлдэг,
үүний тул 1922 оны байдлаар Шүүх яамны орон тооны тэн хагас нь бичээч
нар байсан тухай гавьяат хуульч Б.Чимид тэмдэглэсэн нь буй[5].
1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж, улмаар монголын хууль
цаазыг эрэн сурвалжлах, цуглуулах, судалгаа шинжилгээний эргэлтэд
оруулах, архив, номын сангийн сан хөмрөг бүрдүүлэх ажлыг эхлүүлж, үүний
хүрээнд Цэвээн Жамсрано тэргүүтэй тухайн үеийн сэхээтнүүд монголын
эртний хууль цаазын эх сурвалжуудыг олж цуглуулах, хуулбарлах, хэвлэх
ажлыг эхлүүлж байсан түүхтэй.
Мөн эл үеэс эрх бүхий төрийн байгууллагуудын хурлын шийдвэр, тэрхүү
хурлаар батлан тогтоосон дүрэм журмуудыг “Уриа”, “Монголын үнэн” зэрэг
сонинд хэвлэхийн зэрэгцээ улсын анхдугаар их хурлаас хоёрдугаар их хурал
хүртэл Бага Хурлын тэргүүлэгчид нийт 30 удаа хуралдаж энэ хооронд
Сангийн явдлын яамны дүрэм, Аж ахуйн явдлын яамны дүрэм, Шүүн таслах
газрын зөвлөлийн дүрэм, Эдийн засгийн зөвлөлийн дүрэм, Ой модны дүрэм,
Дотоод явдлын яамны дүрэм зэрэг 20 гаруй дүрэм, тогтоолыг батлан
тогтоосон байна.
Тэрчлэн Хоёрдугаар Бага хурлын тогтоолын ёсоор тэргүүлэгчдээс ухуулах
бичиг гаргаж нийтээр зарласан ба Үндсэн хуулийг тайлбарлуулахаар
тусгай хүнийг томилсон нь энэ завсар хараахан багталцуулан нийтэлж
завдаагүй ба бас ард түмнийг удирдан боловсруулж, шинэ боловсролын
байдалд урагш дэвшүүлэхийг эрхэмлэж, Үндсэн хуулийн зэрэг олон зүйл
дүрэм заавар сэтгүүл зэргийг Засгийн газраар уламжлан үлэмж тоогоор тус
тус хэвлүүлэн тархаан гүйцэтгэсээр[6] байв.
БНМАУ-ын хоёрдугаар их хуралд төлөөлөгч Жадамбаа “олон зүйлийн
дүрмийг батласан хэмээх нь эл дүрмийг хэвлэж нийтэлсэн эссэн, мөн олон
ардууд эл гаргасан дүрмүүдийн учир утгыг бүрэн ухаж мэдсэн эссэн”[7]
хэмээн асууж байснаас үзвэл тухайн үед хууль тогтоомжийг хэвлэн
нийтэлж, ард түмэнд хүргэх, ухуулж таниулах зайлшгүй шаардлага байсныг
нотлон харуулж байна. Энэхүү нөхцөл байдлын үүднээс Улсын хоёрдугаар
бага хурлын дөрөвдүгээр тогтоолоор батлан тогтоосон хэд хэдэн дүрмийг
Үндсэн хуулийн хамт нэг дэвтэрт багтаан бүгд хоёр түмэн хувь хэвлүүлж,
нийтэд зарлан, нийтээр журамлан дагаж явуулахаар хэвлэлийн хороонд өгсөн
боловч уг хэвлэлийн машин зэргийг хараахан сайжруулан гүйцэтгэж
завдаагүй, мөн харилцан туслалцах хоршооноос гадаадаас захисан цаас ирж
эс чадсан зэрэг[8] шалтгаанаас боогдон саатаж хугацаандаа хэвлэгдэж чадалгүй хойшлогдож байсан удаатай ажээ.
Улсын хоёрдугаар их хуралд илтгэсэн Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн
илтгэлд Засгийн газрын хурлын тогтоол ба аливаа шинэчлэн тогтоосон хууль
дүрэм зэргийг тусгай албаны сэтгүүл болгон сар тутам хоёр удаагаас
доошгүй үлэмжхэн тоотой хэвлүүлэн нийтээр зарлан явуулж, журамлан дагаж
явахад тус болгохоор Засгийн газрын хурлаар хэлэлцэн тогтсон боловч
урьдах зүйлд дурдсан учир шалтгаанаас боогдон саатагдсаар хараахан
үүсгэн явуулж чадаагүй бөгөөд одоо 16 дугаар он 1 сараас эхлэн
явуулахаар төлөвлөн буй гэжээ[9].
Ийнхүү албан ёсоор 1926 оноос “БНМАУ-ын Засгийн газрын албаны
сэтгүүл”-д тухайн үеийн хууль, дүрмүүдийг он дараалан хэвлэж эхэлсэн
байна. Тус сэтгүүлийн анхны дугаарт Засгийн газрын нэгдүгээр хурлын
тогтоолын зургаан зүйл, Улсын цагдан сэргийлэх газрын дүрэм далан гурван
зүйл, Түр цагийн шүүх таслах газрын дүрэм хорин зүйл, Шинэчлэн
тогтоосон шүүх цаазын бичгийн ерөнхий анги долоон бүлэг, дөчин зүйл, Улс
төрийн хэрэгт холбогдох этгээдийг шүүх таслах түр хурлын дагаж явах
заавар, Хянан байцаах яамны дүрэм зэрэг тухайн үеийн шинэ тутам
батлагдсан дүрэм хэмжээнүүд нийтлэгдсэн байна.
1925-1930 онд Шүүх цаазны бичиг, Монгол улсын шүүх таслах газруудад
аливаа хэргийг байцаан шийтгэх тухай хууль, иргэн, гэр бүл, биеийн
хүчнээ үнэлэгчдийн зэрэг томоохон хуулиуд, тэдгээрт нийцүүлсэн олон
тооны дүрэм зааврыг гаргажээ.
Хууль, дүрмийг олны сонорт хүргэж, түүнийг эрхэмлэн биелүүлэх үзэл
дадлыг хөдөлмөрчдөд төлөвшүүлэх явдал хувьсгалын ардчилсан шатнаа шинэ
хууль ёсыг тогтоон бэхжүүлэх төвөгтэй зорилтын нэг байсан хэдий ч хууль
зүйн албаны байгууллагууд ардын засгийн хууль дүрмүүдийг олшруулан
аймаг, хошуудад хүргүүлж, орон нутгийн засаг захиргаа, хуулийн
байгууллага, хөдөлмөрчдийн хурлаар дамжуулан, хүн амд өргөнөөр мэдээлэх,
аймаг, хотын төвд хууль судлах дугуйлан байгуулж хичээллүүллэх зэргээр
засаг төрийн бодлогыг олон түмний дотор дэлгэрүүлж, тэдний ухамсар,
хүмүүжлийг төлөвшүүлэх, олон хэлбэрийн ажил зохиож байв. Эдгээрийн дотор
байгууллагын удирдах ажилтан, бусад ажиллагсад, иргэдийн чухал
хэрэгцээ болсон хууль зүйн ном хэвлэлийн ажил мэдэгдэхүйц байр эзэлж
ирсэн юм. БНМАУ-ын Шүүх яам уг ажлыг төвлөрүүлэн эрхэлж, хөдөлмөрчдөд
зориулсан сэдэвчилсэн эмхтгэл, тайлбар ном зохиол, түүнчлэн 1927 оноос
“Хувьсгалт хууль ёсны төлөө” сэтгүүл гаргаж, төр, эрх зүйн асуудлыг
нийтэлж байсан зэрэг нь хууль зүйн соёлыг түгээж, хөдөлмөрчдийн улс
төр, эрх зүйн ухамсрыг дээшлүүлэхэд тус нөлөө үзүүлсэн нь дамжиггүй[10]. Үүний зэрэгцээ “Ардын үндэсний эрх” зэрэг сонинд хууль, дүрмүүдийг нэлээдгүй хэмжээгээр хэвлэн нийтэлж байв.
1930 оны 8 дугаар сарын 15-нд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид ба
Засгийн газрын эрхлэх товчоо хуралдаж “Хууль, дүрмүүдийг нэгэн мөр дагаж
гүйцэтгэх тухай”[11]
тогтоолыг гаргажээ. Уг тогтоолд “Засгийн газрын албаны сэтгүүлд
хэвлүүлэн нийтлэсэн буюу тусгай зарласан Улсын бага хурлын тэргүүлэгчид
ба Засгийн газруудаас батлан тогтоосон аливаа хууль, дүрмүүдийг аймаг,
хотын ба хошуудын төв, орон нутгийн захиргааны газруудад уул сэтгүүл
буюу мөн тусгай зарласан хуулиудыг хүлээн авсан өдрөөс эхлэн хүчин
төгөлдөр болсонд тооцож дагаж хэрэглэх, аливаа нийтлэсэн хууль, тогтоол,
тушаалуудын дотор тухай бүр дагаж хэрэглэх хугацааг заасан бол даруй
зохих газруудаас уул хугацааг баримтлан дагаж гүйцэтгэх, аливаа
нийтлэсэн хууль, тогтоол, тушаалд тухай бүр дагаж хэрэглэх явдлыг
цахилгаан мэдээгээр уламжлан гүйцэтгээгүй хэмээн заасан зүйл байвал орон
нутгийн захиргааны газруудад уул мэдээг хүлээн авсан цагаас эхлэн
хүчин төгөлдөр болсонд тооцож гүйцэтгэх, нийтлэн зарлахгүйгээр шийтгэн
гаргасан аливаа тогтоолуудыг зохих газруудад хүлээн авсан цаг үеэс
эхлэн ёсоор дагаж гүйцэтгэх” эрх зүйн зохицуулалтыг зааж өгчээ. Эл
тогтоолын дөрөв дэх хэсгийн “нийтлэн зарлахгүйгээр шийтгэн гаргасан
аливаа тогтоолуудыг зохих газруудад хүлээн авсан цаг үеэс эхлэн ёсоор
дагаж гүйцэтгэвэл зохино” гэсэн нь тухайн үед батлан тогтоосон хуульд
хугацаа заагаагүй бол төв ба орон нутгийн захиргааны газрууд Засгийн
газрын албаны сэтгүүл болон тусгай дэвтрээр хэвлэсэн хуулиудыг хүлээн
авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонд тооцож, дагаж мөрддөг байсан
нь тун сонирхолтой юм.
“БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл” 1926-1930 он хүртэл нийт
тавин долоон дугаар гарсан бөгөөд 1931 оноос хойш “Монгол Ард Улсын Бага
Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн Газрын хуулиуд хийгээд тушаалуудыг
эмхтгэн хавсруулсан сэтгүүл”, 1940-өөд оноос 1970 он хүртэл “БНМАУ-ын
Хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл”, 1971 оноос 1990 он хүртэл “БНМАУ-ын
Хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл”, 1991 оноос “Төрийн мэдээлэл” эмхтгэл
нэрээр тогтмол нийтлэгдэж ирэв.
1939, 1940 оны үед хууль тогтоомжийг чухам ямар сэтгүүлд нийтэлж
байсныг бид энэ удаад тодруулж эс амжив. Ямартай ч 1939, 1940 оны үеийн
хууль тогтоомжийг тусгай дэвтрээр[12]
хэвлүүлж байсан бөгөөд чухам юуны учир эл сэтгүүлийн хэвлэлт тасалдахад
хүрэв. 1939 оны Халхын голын дайн, эсвэл тэр үеийн Монголын эдийн
засгийн доройтол, банк санхүүгийн хямрал, их хэлмэгдүүлэлт зэрэг үүнд
нөлөөлсөн байж тун магадгүй юм. 1941-1946 он хүртэл “Улсын Бага хурлын
Тэргүүлэгчид ба Ардын Сайд нарын Зөвлөлөөс гаргасан хууль, дүрэм,
тогтоолуудын эмхтгэл”, мөн 1941-1943 онд “Улсын бага хурал, Засгийн
газраас гаргасан хууль, дүрэм, тогтоолуудын эмхтгэл”, 1946 оноос
“БНМАУ-ын Засгийн газрын эмхтгэл” болон “БНМАУ-ын хууль дүрэм, тогтоолын
эмхтгэл”-үүд нь зэрэгцэн гарч байв. 1967 онд хэвлэгдсэн ном зүйн
лавлах[13]-д
дээр дурдсан гурван өөр эмхтгэлүүдийг ялган салгалгүйгээр нийтэд нь
“Хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл” хэмээн товчлон нэрлэж, ном зүйн
лавлагаа, бүртгэлийг үйлджээ. Угтаа “Улсын Бага хурлын Тэргүүлэгчид ба
Ардын Сайд нарын Зөвлөлөөс гаргасан хууль, дүрэм, тогтоолуудын эмхтгэл”,
“Улсын бага хурал, Засгийн газраас гаргасан хууль, дүрэм, тогтоолуудын
эмхтгэл”, “БНМАУ-ын хууль дүрэм, тогтоолын эмхтгэл” гэсэн гурван өөр
нэртэй сэтгүүл бөгөөд эхний хоёр сэтгүүлийн 1946 оноос хойш гарсан
дугаарыг бид хараахан олж үзэж чадсангүй. Эл үеэс хойш уг хоёр сэтгүүл
гараагүй бололтой. Ямартай ч 1946 оноос “БНМАУ-ын хууль дүрэм, тогтоолын
эмхтгэл” нь “Төрийн мэдээлэл” сэтгүүл гарах хүртэл тасралтгүй
үргэлжлэн хэвлэгдсэн байна.
БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1959 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн
52 дугаар зарлигаар БНМАУ-ын Шүүх яамыг татан буулгасны дараа БНМАУ-ын
Сайд нарын Зөвлөлийн мөн оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 210 дугаар
тогтоолоор тус улсын хууль, хуульчилсан баримтуудыг боловсруулах,
тэдгээрийг системчлэх, ангилах үүрэгтэй Хууль цаазны хороог байгуулсан
байна. Төр засгаас хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүн таслах
ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хууль зүйн албаны салбарын удирдах
байгууллагын системд зарчмын өөрчлөлт оруулж, хууль боловсруулах,
системчлэх ажлыг шинэ байгуулсан Сайд нарын Зөвлөлийн Хууль цаазны
хороонд эрхлүүлжээ.
Эл үеэс эхлэн хууль зүйн асуудал эрхэлсэн захиргааны төв байгууллага
болон эрдэмтэн судлаачид нийгэм эдийн засаг, төрийн байгуулалтын
чиглэлээр төрийн эрх бүхий байгууллагаас баталсан хууль, зарлиг,
захиргааны актуудыг тодорхой эрхийн салбаруудаар нь, мөн тухайн цаг
үеийн улс төрийн зүтгэлтнүүдэд холбогдох баримт бичгийг системчлэн
нэгтгэн эмхтгэж эхэлжээ. Үүний хүрээнд Мал эмнэлгийн дүрэм зааврын
эмхтгэл, Байгаль, байгалийн баялгийг хамгаалах талаар гарсан хууль,
тогтоомжийн системчилсэн эмхтгэл 1921-1975, БНМАУ Захиргааны эрхтэй
холбогдох хуульчилсан актуудын системчилсэн эмхтгэл, В.И.Лениний тухай
монголын түүхэн гол баримт бичгүүд. 1917-1970, МАХН-аас МХЗЭ, залчуудын
тухайд явуулсан бодлого. (Баримт бичгийн эмхтгэл) 1921-1976, Монголын
ард түмний 1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогнолын төлөө тэмцэл.
Баримт бичгийн эмхтгэл. /1900-1914/, Социалист өмчийн талаар гарсан
хууль тогтоомжийн эмхтгэл (1967-1975), Шинэ бүтээл, оновчтой саналын
талаархи хууль тогтоомжийн системчилсэн эмхтгэл 1960-1975, БНМАУ-ын
Үндсэн хууль түүнд холбогдох эрхийн актын эмхтгэл (2 боть бүтээл), Аж
үйлдвэрийн талаар гаргасан хуульчилсан актуудын системчилсэн эмхтгэл
(1950-1960 он), Соёл гэгээрлийн байгууллагын ажлын талаар холбогдолтой
зарлиг тогтоол, заалтуудын системчилсэн эмхтгэл (1940-1961 он),
Эмэгтэйчүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуульчилсан актуудын эмхтгэл,
Санхүүгийн хяналт, шалгалтад холбогдох хуульчилсан актуудын эмхтгэл
1975-1977 он (2 боть) гэх мэт тодорхой эрхийн салбар тус бүрээр нэлээд
олон эмхтгэлүүд гарсныг дурдах хэрэгтэй.
Эдгээрээс хамгийн томоохон системчилсэн эмхтгэл нь БНМАУ-ын Ардын Их
Хурлын Тэргүүлэгчид, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1982 онд “Хууль
тогтоомжийг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай”, “БНМАУ-ын
хүчин төгөлдөр хууль тогтоомжийн системчилсэн бүрэн эмхтгэл бэлтгэн
хэвлүүлэх тухай” 1, 2 дугаар тогтоол гаргаж тэр үеийн Шүүх яаманд
төвлөрүүлэн, Улсын Комисс эрхлэж гаргасан “БНМАУ-ын хүчин төгөлдөр хууль
тогтоомжийн системчилсэн бүрэн эмхтгэл”[14]
болно. Эл эмхтгэлд 1940 оноос хойш 1980-аад оны дунд үеийг хүртэл
хамарсан хууль тогтоомжуудыг улс төрийн байгуулалт, нийгэм, эдийн засаг,
улс ардын аж ахуйн салбараар төрөлжүүлэн нэгтгэж 7 ботиор хэвлүүлсэн
нь практикийн төдийгүй судалгааны үнэ цэнэтэй ажил болсон юм.
1971 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Хууль, зарлиг, тогтоолыг хэвлүүлэх ажлыг журамтай болгох тухай”[15]
БНМАУ-ын СнЗ-ийн 291 дүгээр тогтоолоор “БНМАУ-ын Хууль, дүрэм,
тогтоолын эмхтгэл”-ийг 1971 оноос эхлэн “БНМАУ-ын хууль, зарлиг,
тогтоолын эмхтгэл” болгож, сар тутам гаргаж байхаар заасан бөгөөд
“БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл”-д БНМАУ-ын хууль, эрхийн хэм
хэмжээ тогтоосон Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, МАХН-ын Төв
Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хавсарсан тогтоол, Сайд нарын
Зөвлөлийн тогтоолыг албан хэрэгцээнд зориулан нийтлэх, уг эмхтгэлийг
яам, тусгай газар, хоршоолол, олон нийтийн төв байгууллага, аймаг, хотын
намын хороо, гүйцэтгэх захиргаадын жил бүрийн захиалгыг үндэслэн
шаардагдах тоогоор хэвлүүлэх, БНМАУ-ын нутаг дэвсгэрт байгаа гадаад
улсын байгууллага, иргэдийн зайлшгүй мэдэж, дагаж мөрдвөл зохих зарим
хууль, зарлиг, тогтоолыг орос хэлээр орчуулан дангаар буюу тусгай
эмхтгэл болгон хэвлүүлж холбогдох яам газруудад тараах ажлыг БНМАУ-ын
Сайд нарын Зөвлөлийн Хууль цаазны хороо эрхлэн хариуцаж байхаар
тогтоожээ. Үүний дагуу БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын зарим
эмхтгэлийг “Сборник законов и постановлений правительства Монгольской
народной республики. Министерство юстиций МНР. Улан-батор 19....” нэрээр
орос хэлээр орчуулан хэвлүүлж байв. Энэ талаар хууль, дүрэм, тогтоолыг
орос хэлээр тусгай эмхтгэл болгон 1940-өөд оноос нэлээд хэдэн
дэвтрийг хэвлүүлж байсан гэж түүхийн ухааны доктор З.Лонжид багш хэлж
байсан боловч бид энэ удаад тэрхүү орос хэлээрх эмхтгэлийг хэдэн оноос,
хэд хэчнээн дугаар гаргаж байсныг, мөн эдгээр эмхтгэлүүд нь үе үе гарч
байсан уу, эсвэл тогтмол хэвлэгдэж байсан уу гэдгийг тодруулж
амжсангүй. Ямартай ч хууль, дүрэм, тогтоолыг тухайн үед нийтлэг
хэрэглэж байсан гадаад хэлээр орчуулан, гадаадын хүмүүст зориулан
хэвлэж байжээ. Мөн үүнээс бүр өмнө, тухайлбал 1925 онд “Хуучны зүйлийг
сахин хамгаалах тухай дүрэм” [16] зэргийг тусгай дэвтрээр монгол, орос, англи хэлээр хэвлүүлж байсан баримт нэг бус бий.
1972 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ардын Их Хурлын Тэргүүлэгчид
БНМАУ-ын хууль, БНМАУ-ын Ардын Их Хурлын тогтоол, Ардын Их Хурлын
Тэргүүлэгчдийн зарлиг, тогтоолыг нийтлүүлэх, тэдгээрийн хүчин төгөлдөр
болох хугацааг журамтай болгох зорилгоор “БНМАУ-ын хууль, Ардын Их
Хурлын тогтоол, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, тогтоолыг
нийтлүүлэх, хүчин төгөлдөр болсонд тооцох журмын тухай”[17] 208 дугаар зарлигийг баталжээ .
Уг зарлигт дурдсан эрх бүхий субъектээс батлан гаргасан эрх зүйн
актыг хэвлэн нийтлэх, хүчин төгөлдөр болсонд тооцох, төв орон нутгийн
байгууллага болон олон нийтэд хүргэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан
байна. Түүнчлэн БНМАУ-ын хууль, БНМАУ-ын Ардын Их Хурал, Ардын Их
Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан хууль, бусад эрхийн актыг баталсан өдрөөс
хойш 7 хоногийн дотор Намын төв хороо, Засгийн газрын “Үнэн” сонинд
нийтлүүлж байхаар заажээ.
Энэхүү зарлигаар хууль тогтоомжийн актыг хүчин төгөлдөр болох
хугацааг тухайн актад тусгайлан заагаагүй, эсхүл эрхийн хэм хэмжээ
тогтоогоогүй бол хууль, зарлиг, тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн хүчин
төгөлдөр болохоор заасан нь одоогийн Үндсэн хуулийн /1992 он/ 26
дугаар зүйлийн 3-д “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор
нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс
хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж зааснаас
зохицуулалтын хувьд ялгаатай байсныг тэмдэглэх хэрэгтэй.
Мөн БНМАУ-аас гадаад улстай байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээр
бусад баримт бичиг, тэдгээрийг баталсан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн
зарлигийг БНМАУ-ын Гадаад явдлын яамны уламжилснаар Намын төв хороо,
Засгийн газрын “Үнэн” сонин, “Хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл” сэтгүүлд
нийтлүүлж байсан бөгөөд харин олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцийг
тэр бүр бүрэн хэмжээгээр нийтэлж байсангүй.
БНМАУ-аас гадаад улстай байгуулж тогтоосон журмаар батламж бичиг
солилцсон гэрээ, хэлэлцээр, конвенц болон тэдгээрийг баталсан БНМАУ-ын
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигийг шаардлагатай бол БНМАУ-ын
Гадаад явдлын яамны уламжилснаар Намын Төв Хороо, Засгийн газрын «Үнэн»
сонин, «БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмтхгэл» сэтгүүлд нийтлүүлж
байх тухай зарлиг гарахаас өмнө өөрөөр хэлбэл, 1964 оноос Гадаад явдлын
яамнаас эрхлэн БНМАУ-ын гадаад харилцаанд холбогдох баримт бичгүүд,
хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр, мэдэгдэл, нот, БНМАУ бусад
улсыг хүлээн зөвшөөрсөн, дипломат харилцаа тогтоосон тухай баримт
бичгүүдийг уншигчдын албан ажил, эрдэм шинжилгээний болон бусад
хэрэгцээнд тус болох зорилгоор хэвлэн нийтэлж эхэлсэн бөгөөд Бүгд
Найрамдах Монгол Ард Улсын Гадаад харилцааны баримт бичгүүдийн эмхтгэл[18] нь нийт найман дугаар гарчээ.
Энэ завсар ардчилсан хувьсгал өрнөж улс орон ардчилсан дэглэм, зах
зээлийн харилцаанд шилжсэнээр Үндсэн ба бусад хууль, тэдгээрийг
дагалдсан дэд акт нэлэнхүйдээ шинэчлэгдэн өмнөх эмхтгэлүүд түүх, соёлын
өв болон үлдэв. Хөгжлийн шинэ үеийн хууль, зарлигуудын албан ёсны
эхийг 1991 оны эхнээс “Төрийн мэдээлэл” албан сэтгүүлд он дараалан
нийтлэж ирснээс гадна хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Улсын Их
Хурлын эрх олгосноор Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн
үндэсний төв цуврал маягаар, мөн сэдэвчилсэн байдлаар эмхтгэн хэвлэж
олон түмэнд түгээж ирэв[19].
БНМАУ-ын Бага хурлын тухай хууль[20]-д
“БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр болох,
тэдгээрийг нийтлэх журам”-ын талаар заасан бөгөөд үүнд тус хуулийн 24
дүгээр зүйлд БНМАУ-ын хуулийг батламжлагдсанаас нь, Улсын Бага Хурлын
бусад шийдвэрийг батлагдсанаас нь хойш улсын Бага Хурлын нарийн бичгийн
дарга зөвшөөрснөөр 3 хоногийн дотор “Ардын эрх” сонинд нийтэлнэ.
БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэр нь тэдгээрт тухайлсан
хугацаа заагаагүй бол “Ардын эрх” сонинд нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн
дараа хүчин төгөлдөр болно гэж мөн хуулийн 25 дугаар зүйлд БНМАУ-ын
хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийг нийтлэх талаар зохицуулсан
бөгөөд БНМАУ-ын хууль, Улсын Бага, Хурлын бусад шийдвэрийн эхийг Улсын
Бага Хурлын Тамгын газар эрхлэн “Төрийн мэдээлэл” сэтгүүлд болон “Ардын
эрх” сонинд нийтлэх, энэхүү сонин болон сэтгүүлд нийтлэгдсэн хууль,
бусад шийдвэрийг албан ёсны эх гэж тооцож байх тухай зохицуулсан байна.
1991 оноос өмнө “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл”-ийг
зөвхөн албан хэрэгцээнд зориулан гаргаж байв. Энэ нь иргэд хуулийг уншиж
судлах, мөрдөж хэрэгжүүлэх өргөн бололцоо олгохгүй байна гэж Улсын
Бага Хурал үзээд “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг тогтмол гаргахаар
шийдвэрлэж улмаар БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийн
эхийг Улсын Бага Хурлын Тамгын газар эрхлэн, “Төрийн мэдээлэл” сэтгүүл
болон “Ардын эрх” сонинд нийтлэхээс гадна товхимол болгон хэвлүүлж
болохыг хуульчилсан байна.
Энэ дагуу Улсын Бага Хурлын даргын 1991 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар захирамж[21]
гарч, уг захирамжаар төрийн хууль, тогтоолыг бүрэн эхээр нь хэвлэн
нийтлэх зорилгоор “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг Улсын Бага Хурлын Тамгын
газраас эрхлэн сар тутам, анхны дугаарыг туршилтын журмаар 10000
ширхэг хэвлүүлж түүнийг мэдээлэх зорилгоор 5000 ширхэгийг Ардын Их
Хурлын Депутат, Бага Хурлын гишүүд, улс, нам, олон нийт, хоршооллын төв
байгууллагууд, номын сангуудад жагсаалтаар үнэгүй тарааж үлдсэн
хэсгийг холбоо номын худалдааны байгууллагуудаар дамжуулан худалдах,
түүнчлэн “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг 1991 оны 3 дугаар улирлаас
нийтийн захиалгад оруулах ажлыг эхлүүлэхээр уг зарлигт заажээ.
1993 оны намрын чуулганаар УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай асуудлыг авч хэлэлцсэний дотор “Төрийн мэдээлэл”
сэтгүүлийн статусыг өөрчилсний дагуу 1994 оноос эхлэн “Төрийн мэдээлэл”
эмхтгэлийг сар тутам гаргах болжээ. “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн
газраас эрхлэн Монгол Улсын хууль тогтоомжуудын тухай тайлбар,
зөвлөмжүүд болон сэтгүүлийн хавсралт болгон “Төр, засгийн ажилтанд
тусламж” сэтгүүлийг 1995 оны 1 дүгээр сараас эхлэн улиралд тус бүр 3
дугаарыг УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудын агуулгыг
хураангуйлан олон түмэнд хүргэх, хэрэгжүүлэх арга хэлбэр сэлтийг аман
ухуулгад зориулан тайлбарлах, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн Хурал,
Засаг даргын Тамгын газрын ажил үйлсийг сурвалжлан бусдад туршлага
болгох, санаа авахуулах зорилгоор гаргаж байв. Нэмэн дурдахад 1996 оны
12 дугаар сарын 27-ны өдөр УИХ-ын Тамгын газраас “Парламентын мэдээлэл”
нэртэй сонины туршилтын дугаарыг анх гаргаж улмаар дотоод мэдээллийн
зориулалттай энэ сонинг долоо хоног тутам 400 хувь хэвлүүлж үнэгүйгээр
уншигчдад тарааж байсан удаатай.
1998 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний
тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол[22]-оор
хууль, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар болон хуулиар
олгогдсон эрх бүхий байгууллагын нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг гагцхүү
“Төрийн мэдээлэл” эмхтгэлд албан ёсоор хэвлэн нийтэлж байхаар тогтоов.
“Төрийн мэдээлэл” эмхтгэлд хууль, УИХ-ын бусад шийдвэрээс гадна
Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн
шийдвэр, хуулийн талаархи Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбарыг, мөн
холбогдох хуулийн дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын
талаархи оны илтгэл, албан тушаалтнуудын хөрөнгө орлогын байдлын
талаархи Авлигатай тэмцэх Газрын мэдээллийг нийтэлж байгаа билээ. Гэсэн
хэдий ч энэ бүгдийг тэр бүр бүрэн хамруулж байсангүй, тийм боломж ч
хязгаарлагдмал юм.
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн тусгай дугаарыг 2004 оноос эхлэн хэвлэн
гаргаж буй бөгөөд энэ хугацаанд нийт 8 тусгай дугаарыг ГХЯ, ХЗДХЯ,
Хүний эрхийн Үндэсний комисс, Оюуны өмчийн газар зэрэг байгууллагатай
хамтран хэвлэн гаргажээ. Тэдгээрт Монгол Улс нэгдэн орсон хүний эрх,
олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, оюуны өмчийн эрх зүй, олон улсын
худалдааны эрх зүй, олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенци,
дипломат консулын харилцаа, олон улсын эрүүгийн шүүхийн дүрэм,
терроризмын эсрэг болон бусад гэмт хэргийн эсрэг конвенц зэргийг тус
тус нийтлээд байна.
Сүүлийн үед судлаачид хууль, хууль тогтоомжийг баримт бичиг, эмхтгэл,
судалгаа, лавлагаа гэх мэт шинжлэх ухааны янз бүрийн арга, арга
зүйгээр судлан нийтлүүлж байна. Тухайлбал, 2004 онд Академич
Ж.Амарсанаа, доктор О.Батсайхан нар “Монгол Улсын Үндсэн хууль”[23]
баримт бичгийн эмхтгэл хэвлүүлсэн бөгөөд энэхүү эмхтгэлд 1924-1992 оны
Үндсэн хуулиудыг үндсэн эхээр нь хэвлүүлснээс гадна Үндсэн хуулиудад
оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд, уг хуулийг хэлэлцсэн УИХ, УБХ-ын
тэмдэглэл, Үндсэн хууль батлахад хэлэлцүүлсэн илтгэлүүдийг архивын
материалд тулгуурлан бүрэн эхээр нь хэвлэжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн
хуулийн түүхийг судлахад чухал ач холбогдол бүхий судалгааны
хэрэглэгдэхүүн болсон билээ. Мөн 2008 онд МУИС-ийн ХЗС-ийн Монголын төр,
эрх зүйн түүхийн судалгааны төвөөс “Монгол Улсын хууль тогтоомжийн
хөгжлийн түүхэн товчоон”[24]
бүтээлийг хэвлүүлэв. Эл бүтээлд Монгол Улсын хууль тогтоомжийг
1911-2007 оныг дуустал он дарааллаар нэгтгэн, товч лавлагааг гаргасан
бөгөөд судлаачдад түүхэн цаг үеийн эрх баригчдын улс төрийн бодлого,
эдийн засаг, нийгмийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байсан арга хэмжээг
эрх зүйн хэм хэмжээний тусламжтайгаар цэгцтэйгээр судлах боломж олгож,
мөн хууль тогтоомжийг хүчинтэй, хүчингүйг үл харгалзан нэгтгэн
эрэмбэлсэн нь судалгааны хөтөч төдийгүй хууль цаазын эх сурвалж, хууль
тогтоомжийг судалгааны эргэлтэд оруулж чанаржуулах, онолын дүгнэлтийн
үндэслэлийг сайжруулах, хууль зүйн шинжлэх ухааны суурь судалгааг
хөгжүүлэхэд ач холбогдолтой болсон. Судалгаанд Монгол Улсын 96 жилийн
хууль тогтоомжийг эх сурвалжийн түвшинд, заримыг товч лавлагаа байдлаар
оруулахдаа 1930-1950 оныг хүртэлх хугацааны хууль тогтоомжийг олдсоны
хэмжээгээр оруулан нэгтгэхийг эрмэлзсэн болно. Ер нь энэ үеийн хууль
тогтоомжийг тухайн үед хэвлэж байсан эмхтгэл байдаг боловч тухайн цаг
үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас хамаарч тэр бүр бүрэн
хэмжээгээр хэвлэж байгаагүй бололтой. Мөн нөгөө талаар өнөөдрийг хүртэл
энэ цаг үеийн хууль тогтоомжийн ангилалд хамаарах эрх зүйн эх
сурвалжууд Батлан хамгаалах яамны болон Тагнуулын газрын архивуудад
нууцлалын зэрэглэлтэй хадгалагдаж байна. Монголын төр, засгаас батлан
дагаж шийтгүүлсэн албан ёсны шийдвэр нь Монгол төрийн тусгаар тогтнолоо
сэргээн тунхагласан тэр үеэс хойшхи зуу орчим жилийн дотор төр засгаас
боловсруулан хэрэгжүүлсэн дотоод, гадаад бодлогын өргөн цар хүрээтэй
янз бүрийн сэдэв асуудлыг тал бүрээс нь нэхэн шинжилж, бодитой дүгнэлт
өгч, оносон алдсанаа ухааран эргэцүүлж, өнөөгийн байдалдаа дүн
шинжилгээ хийж ирээдүйн төлөвөө онож тодорхойлоход үнэлж баршгүй ач
холбогдолтой болно. Хураангуйлж хэлэхэд сүүлийн нэгэн зууны Монголын
түүх, эрх зүй, монгол судлалын аль ч сэдэв асуудлаар судалгаа хийх
эрдэмтэд, Монголыг сонирхдог хэн боловч энэ бүтээлд хэвлэсэн
баримтуудаас үнэн зөв, тодорхой мэдээлэл авах боломж хангалттай.
Судлаач, эрдэмтдийн эдгээр ажлын зэрэгцээ төр засгийн дэмжлэгээр
хууль тогтоомжийг нийтэд хүргэх ажил чамлахааргүй хэмжээнд өрнөж байгааг
дурдах хэрэгтэй. Анх Монгол улсын хууль тогтоомжийг боловсронгуй
болгох, системчлэх, хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах зэрэг ажлыг
Шүүх яам 1921 оноос, түүний дараа Сайд нарын Зөвлөлийн Хууль цаазны
хороо 1958 оноос, Шүүх яам 1972 оноос, Хууль зүй, арбитрын яам 1989
оноос, Хууль зүйн яам 1990 оноос, Хууль зүй, дотоод хэргийн яам 2000
оноос эрхлэн хариуцаж олон нийтэд хүргэж ирсэн бөгөөд эдгээр
байгууллагуудын хийсэн, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь дараа дараагийн
шатны үйл хэрэгт хөрс суурь нь болж өгсөн.
Монгол улсын ХЗДХЯ-ны Хууль зүйн мэдээллийн төвөөс эрхлэн 1992-1996 оны хууль тогтоомжуудыг дангаар болон цувралаар[25], мөн Хууль зүйн үндэсний төвөөс Монгол улсын хуулиуд /цуврал/ эмхтгэлийн 16 дугаарыг он дараалсан байдлаар[26],
үүнээс гадна тодорхой эрхийн салбараар төрөлжүүлэн нэлээд олон хууль,
хууль тогтоомжийн эмхтгэлүүдийг гаргажээ. Иймэрхүү салбар эрх зүйн
чиглэлээрх хуулийн эмхтгэлүүдийг Хууль зүйн үндэсний төв[27] болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд одоог хүртэл албан бус эмхтгэл хэлбэрээр хэвлэн гаргасаар байна.
Монгол Улсын Их Хурлын 2004 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 24 дүгээр
тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны
хөтөлбөрт “Үндэсний хууль тогтоомжийн системчлэлийг боловсронгуй болгож,
эрх зүйн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлнэ”, мөн “Засгийн
газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний
төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2006 оны 3 дугаар
сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолд “Үндэсний хууль тогтоомжийн
системчлэлийг боловсронгуй болгох, эрх зүйн мэдээллийн тогтолцоог
бүрдүүлэх хүрээнд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг
6 ботиор, мөн Монгол Улсын түүхэнд холбогдох (1206-2006 он) хууль
тогтоомжийн он дараалсан эмхтгэлийг 16 ботиор хэвлэн гаргах”-аар тус тус
заажээ.
Засгийн газрын 2007 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 33
дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 4 дүгээр сарын
19-ний өдрийн 86 дугаар тушаалаар тэдгээр эмхтгэлийг бэлтгэж, хэвлэн
гаргах ажлыг Хууль зүйн үндэсний төвд хариуцуулсны дагуу тус төвөөс
хүчин төгөлдөр хуулийг 4 боть[28]-д
эрэмбэлэн хэвлэн нийтлээд байна. Энэхүү Монгол Улсын хуулийн эмхтгэл 4
ботид Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудыг оруулсан ба
эдгээр хуулиудыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 8 дугаар
сарын 15-ны өдрийн 147 дугаар тушаалаар батлагдсан “Эрх зүйн актын
ангилагч”-ийг үндэслэн 4 боть болгон системчилсэн бөгөөд цаашдаа
ботиудад орсон хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нэг багц болгон хэвлэж нийтэд
түгээх юм. Энэхүү ажил нь эрх зүйн мэдээллийг нийтэд хүргэх, хуулийг
албан тушаалтан, иргэд хэн боловч өөр өөрийн хэрэгцээнд ашиглахад
зохих хувь нэмрээ оруулж, эрх зүйн мэдээллийг хүртээмжтэй болгоход
ихээхэн ач холбогдолтой болсон тул зориуд цохон тэмдэглэв.
Өдгөө 1206-2009 онд үйлчилж байсан Монгол улсын хууль, хууль
тогтоомжийн бусад актуудыг олж судлан, боловсруулж, он дараалан эмхтгэх
нөр их ажил дуусах шатандаа явж байна. Өнгөрсөн зууны эхэн үеэс хойшхи
эрх зүйн тогтолцоог нарийвчлан судалж төрийн байгуулал, байгууламжийн
онцлог, эрх зүйн эх сурвалжуудыг судалж дүгнэлт өгсөн бүтээл ховор
байна. Ялангуяа соц нийгмийн үеийн хууль, хуулийн дэд актууд, тэр үед
гарч байсан албан болон албан бус сэтгүүл, сонин, тусгай дэвтрүүдийг
Монгол Улсын Засгийн газрын архив, Үндэсний төв архив, Үндэсний номын
сан зэрэг цөөн хэдэн байгууллагад хадгалж буй хэдий ч бүрэн хэмжээгээр
хадгалан үлдсэнгүй. Энэ нь архив, номын сангийн сан хөмрөгийг даацтайхан
бүрдүүлэх шаардлагатай гэдгийг харуулж байна.
Ийнхүү үе үеийн судлаач эрдэмтэд, хууль зүйн албаны байгууллага, төр
засгийн бодлогын хүрээнд хууль тогтоомжийг хэрэглэх, сахин биелүүлэх,
түүний биелэлтийг хангах, олон нийтэд таниулан сурталчлах, олон нийтийг
хууль эрх зүйн мэдээллээр хангах ажлыг албан болон албан бусаар янз
бүрийн арга хэлбэрээр хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ нь иргэд, албан
тушаалтан хууль тогтоомж, хуулийн дэд актуудыг судалж, сахин биелүүлэх,
хэрэглэх эрх зүйн ухамсар соёлыг түгээх, төлөвшүүлэхэд чухал үүрэг
гүйцэтгэж байсныг дурдах нь зүйтэй.
Өдгөө манай улсад хууль тогтоомжийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл
(телевиз, радио, FМ, сонин сэтгүүл), интернэт, үүрэн телефоны хэрэгсэл,
ном эмхтгэл, сонин хэвлэлд нийтлэх зэрэг маш олон арга хэлбэрээр түгээж
буй хэдий ч үүнд анхаарууштай нэлээд асуудал байгааг хэлэх хэрэгтэй
болов уу. Хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх зөвшөөрөл аваагүй төрийн
болон төрийн бус байгууллагаас хууль тогтоомжийг эмхтгэн гаргаж буй нь
хэр зөв асуудал вэ. Угтаа хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх ажил нь Аж
ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль[29]-ийн
15.5.5 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн
эмхтгэл /Төрийн мэдээллээс бусад/ хэвлэх ажлыг тусгай зөвшөөрлийн дагуу
хийх ёстой билээ. Иймээс аль нэг дурын байгууллага хуулийн эмхтгэлийг
хэвлэн нийтэлснээс үүдэн хожим ямар нэгэн сөрөг үр дагавар бий болохыг
үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл хууль бол тодорхой харилцааг зохицуулж байдаг
албан ёсны акт учраас тухайн хэвлэгдэн гарсан хууль тогтоомжийн
найдвартай байдлын баталгаа зайлшгүй чухал юм. Иймд энэ ажлыг хуульд
заасны дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тодорхой шаардлага шалгуурын
дагуу эрхэлдэг байх нь чухал.
Мөн хуулийг зүгээр нэг эмхтгээд гаргаад байх уу гэдгийг бас бодолцох
хэрэгтэй болов уу. “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн статусыг өөрчилсний
дагуу 1994 оноос эхлэн уг эмхтгэлийг сар тутам гаргах болсон бөгөөд тус
сэтгүүлийн газраас эрхлэн Монгол Улсын хууль тогтоомжуудын тухай
тайлбар, зөвлөмжүүд болон сэтгүүлийн хавсралт болгон “Төр, засгийн
ажилтанд тусламж” сэтгүүлийг 1995 оноос гаргаж байсан бөгөөд түүнд
УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжуудын агуулгыг хураангуйлан олон
түмэнд хүргэх, хэрэгжүүлэх арга хэлбэр сэлтийг аман ухуулгад зориулан
тайлбарлах, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын
газрын ажил үйлсийг сурвалжлан бусдад туршлага болгох, санаа авахуулах
зорилгоор гаргаж байв. Үүнийг өнөөдөр илүү боловсронгуй болгож
хэрэгжүүлж яагаад болохгүй гэж.
“Төрийн мэдээлэл” эмхтгэл Монгол Улсын цорын ганц албан ёсны эмхтгэл
болохын хувьд уг эмхтгэлийг хууль хэрэглэгч субьект шүүх болон хууль
хяналтын байгууллага, төрийн төв болон орон нутгийн байгууллага, иргэдэд
түргэн шуурхай хүргэх асуудал хамгийн чухал юм. Иймээс “Төрийн
мэдээлэл”- эмхтгэлд хуулийг хугацаанд нь хэвлэх, мөн хэрэглэгчдэд цаг
алдалгүй албан ёсны эхээр нь хүргэх зайлшгүй шаардлагатай. Мөн “Төрийн
мэдээлэл” эмхтгэлийг эрхлэн гаргах редакцын багийн чадавх, бүтэц орон
тоо, тэрчлэн уг сэтгүүлийн чанарын асуудлыг ч эргэн харж анхаарах зүйл
олон байна.
Өнөөдөр хууль тогтоомж олон нийтэд хэр зэрэг хүртээмжтэй, нээлттэй
хүрч байна, хууль тогтоомжийг сурталчлах, хэвлэн нийтлэх, олон түмэнд
хүргэх ажилд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн болон төрийн бус
байгууллага, эрдэмтэн судлаачдын оролцоо ямар түвшинд байна, хуулийг
олон түмэнд хүргэхэд зүгээр нэг эмхтгээд гаргаад байх уу, энэ талаархи
эрх зүйн зохицуулалт хангалттай бүрдсэн үү, эсвэл ... гэх мэт ар араасаа
хариулт нэхсэн асуудлууд бүрэн дүүрэн шийдэгдээгүй хэвээр байна.
[1] “Хууль дээдлэх ёс” сэтгүүл 2009 ¹27 /4/, 8-15 дахь талд нийтлэгдсэн.[2] Монголын хууль гурав хоног уу. “Зууны мэдээ” сонин. 2007.7.20 ¹171 (2619). Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан П.Чүлтэмсүрэнгийн ярилцлага.
[3] Монгол улсын хөрөнгийг захирах газрын дүрэм. 1916г. Русско-Монгольская Типографiя въ Ургъ.,
[4] И.М.Майский. Орчин үеийн Монгол. УБ., 2001. 331 дэх тал.
[5] Монгол улсын хууль. Эмхтгэл. Нэгдүгээр боть. УБ., 2008. V дахь тал.
[6] Улсын хоёрдугаар их хурал, Улсын нэг, хоёр, гуравдугаар бага хурал. Монгол улс, Шинжлэх ухааны академи, Түүхийн хүрээлэн. УБ., 2009. 21 дэх тал
[7] Улсын хоёрдугаар их хурал, Улсын нэг, хоёр, гуравдугаар бага хурал. Монгол улс, Шинжлэх ухааны академи, Түүхийн хүрээлэн. УБ., 2009. 22 дахь тал
[8] Дэлгэрэнгүйг БНМАУ-ын хоёрдугаар их хурал. Баримт, судалгаа. Эрдэм шинжилгээний оршил тайлбар, монгол бичгээс хөрвүүлэг үйлдсэн Ч.Болдбаатар. УБ., 2008. 25-26 дахь талд үзнэ үү.
[9] БНМАУ-ын хоёрдугаар их хурал. Баримт, судалгаа. Эрдэм шинжилгээний оршил тайлбар, монгол бичгээс хөрвүүлэг үйлдсэн Ч.Болдбаатар. УБ., 2008. 26 дахь тал
[10] Монгол улсын Хууль зүйн албаны үүсэл хөгжил. Кэму. Архив, албан хэрэг хөтлөлтийн мэдээлэл арга зүйн улирал тутмын сэтгүүл. Монгол улсад Хууль зүйн алба байгуулагдсаны 85 жилийн ойд зориулсан тусгай дугаар. 6-7 дахь тал
[11] БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл. №57. 1930 он. 58 дахь тал
[12] Ашиг орлогоос хураах албан татварын ба соёл боловсролыг өргөтгөн хөгжүүлэхийн тулд зориулан хураах татварын хуулиуд ба мөн энэхүү татваруудыг биеийн хүчнээ үнэлэгчдээс хэрхэн хураах журмын тухай заавруудыг хамтатгасан дэвтэр. Хорин есөн он, нэг сард. Улаанбаатар хот., Ард түмнээс юуны урьд чухалчлан танилцаж биелүүлбээс зохих хууль дүрмүүдийг эмхтгэсэн дэвтэр. Шүүх явдлын яамны хэвлэл. Хорин есөн он, таван сард. гэх мэт
[13] БНМАУ-ын Төрийн Дээд байгууллагаас гаргасан хуульчилсан актуудын ном зүйн лавлах. 1926-1966. УБ., 1967.
[14] БНМАУ-ын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн системчилсэн бүрэн эмхтгэл. 8 боть. Улаанбаатар.
[15] БНМАУ-ын захиргааны эрхийн холбогдолтой зарим хууль тогтоомжийн системчилсэн эмхтгэл. ¹3. УБ., 1979. 22-24 дэх тал
[16] Хуучны зүйлийг сахин хамгаалах тухай дүрэм. Закон об охране памятников старины. Law protecting remains of antiquite. Улан-Батор-Хото. Издание Ученого Комитета Монголии. 1925 год.
[17] БНМАУ хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл. 1972. №10. 507-509 дэх тал
[18] Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад харилцааны баримт бичгүүдийн эмхтгэл. I боть. (1921-1961). УБ., 1964,
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад харилцааны баримт бичгүүдийн эмхтгэл. II боть. (1962-1966). УБ.,1966,
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад харилцааны баримт бичгүүдийн эмхтгэл. III боть. (1966-1971). УБ.,1972,
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад харилцааны баримт бичгүүдийн эмхтгэл. IV боть. (1971-1975). УБ.,1980,
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад харилцааны баримт бичгүүдийн эмхтгэл. V боть. (1976-1978). УБ.,1981,
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад харилцааны баримт бичгүүдийн эмхтгэл. VI боть. (1979-1981). УБ.,1985,
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад харилцааны баримт бичгүүдийн эмхтгэл. VII боть. (1982-1983). УБ.,1987,
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гадаад харилцааны баримт бичгүүдийн эмхтгэл. VIII боть. (1984-1985). УБ., 1988,
[19] Монгол улсын хууль. Эмхтгэл. Нэгдүгээр боть. УБ., 2008. V дахь тал.
[20] БНМАУ-ын Бага хурлын тухай хууль. 1991 он. “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны ¹1-т нийтлэгдсэн.
[21] БНМАУ-ын Бага Хурлын даргын захирамж. 1991 оны 3 дугаар сарын 19-ний өдөр. Дугаар 18. Улаанбаатар хот, УИХ-ын Тамгын газрын архив.
[22] “Төрийн мэдээлэл”. 1998 он. ¹9
[23] Монгол улсын Үндсэн хууль. Баримт бичиг. Эмхтгэж тайлбар бичсэн Ж.Амарсанаа, О.Батсайхан. УБ., 2004
[24] Монгол Улсын хууль тогтоомжийн хөгжлийн түүхэн товчоон. (1911-2008). УБ., 2008
[25] Монгол улсын хуулиуд /цуврал эмхтгэл/. 1992-1996. Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яам. Хууль зүйн мэдээллийн төв. УБ., 2002 гэх мэт.
[26] Монгол улсын хуулиуд. Эл цуврал эмхтгэл нь 2003-2009 он хүртэл нийт 16 дугаар гарчээ.
[27] Монгол улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолоор тус төвийн бүтэц, зохион байгуулалт, нэрийг өөрчлөн Хууль зүйн үндэсний хүрээлэн болгож өөрчилсөн.
[28] Монгол улсын хууль. Эмхтгэл. Нэгдүгээр боть. УБ., 2008, Монгол улсын хууль. Эмхтгэл. Хоёрдугаар боть. УБ., 2008, Монгол улсын хууль. Эмхтгэл. Гуравдугаар боть. УБ., 2008, Монгол улсын хууль. Эмхтгэл. Дөрөвдүгээр боть. УБ., 2008
[29] Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль. 2001 оны 2 дугаар сарын 1. Төрийн мэдээлэл. 2001 он. №6
[16] Хуучны зүйлийг сахин хамгаалах тухай дүрэм. Закон об охране памятников старины. Law protecting remains of antiquite.
ReplyDeleteЭнэ дүрмийг бүрэн эхээр нь хаанаас үзэж болох вэ